//БНСУ-д урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд тус улсын хилээр гарах, дахин нэвтрэх журмын тухай

БНСУ-д урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд тус улсын хилээр гарах, дахин нэвтрэх журмын тухай

БНСУ-ын Засгийн газраас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах нэмэлт өөрчлөлт үйлчилж байна. Үүнд:

1. БНСУ-д урт хугацаагаар албан ёсны зөвшөөрөлтэй оршин суух визтэй гадаадын иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харьяа Гадаадын иргэн харьяатын газар (Immigration office)-аас дахин орох зөвшөөрөл (re-entry) авах шаардлагатай.

2. БНСУ-д удаан хугацаагаар албан ёсны зөвшөөрөлтэй оршин суугаа гадаадын иргэн 3 долоо хоногоос багагүй хугацаагаар бизнес, сурвалжилга, сургалтын зорилгоор гадагш явахын өмнө БНСУ-ын харьяа Гадаадын иргэн харьяатын газар (Immigration office)-аас эмнэлгийн үзлэгээс чөлөөлөх бичиг (Medical examination exemption certificate)-ийг авна. Гадаадын тухайн иргэн БНСУ-ын хилээр гарснаас хойш 3 долоо хоногийн дотор буцаж ирсэн тохиолдолд эмнэлгийн үзлэгээс чөлөөлөх бичиг хүчинтэй байна.

3. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан гадаадын иргэд хилээр буцаж нэвтрэх үед халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн сүүлийн 48 цагийн дотор авсан эмнэлгийн магадалгаатай байна. Эмнэлгийн магадалгаа нь англи эсхүл солонгос хэл дээр боловсруулагдсан байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Тодорхой шалтгааны улмаас эмнэлгийн магадалгаа 72 цагийн дотор хийгдсэн байж болно. Эмнэлгийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно.

4. Эмнэлгийн магадалгааг англи эсхүл солонгос хэл дээр авах боломжгүй тохиолдолд англи эсхүл солонгос хэлний баталгаат орчуулгын хамт байж болох бөгөөд нотариатаар батлуулах шаардлагагүй.

Эх сурвалж: http://consul.mn