//С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд  25 санал, С.Мөнхчулуунд 19 санал өгсөн байна.

Тэрбээр, 2017  оны аравдугаар сараас эхлэн НИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс Хотын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, ийнхүү Хотын даргаар сонгогдлоо. Түүнийг өмнө нь бас нэр дэвшүүлсэн ч С.Мөнхчулуунд ялагдаж байсан юм.

С.АМАРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе

2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер

2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан.

2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Одоо НИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэр болох хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн заалттай.