Түүнийг “дээдсийн үсчин”, “оддын үсчин” гэх нь бий. Харин өөрөө “Би нэр алдартай, чадварлаг үсчин гэж өөрийгөө хэлэхгүй ээ” гэж даруухан инээх түүнийг “Vidal” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо гэдгээр нь хэн хүнгүй мэднэ. Тэрбээр Гадаад харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй. Өнөөгийн мэргэжлээрээ ажиллаагүй залуусаас ялгаатай нь тэрбээр тухайн үед дунд мэргэжил гэгдэж байсан үсчний мэргэжилруу “урвасан”. Ажлыг хүн бус ажил хүнийг голдог гэдгийг тэрбээр өнөөдөр харуулж яваа авъяаслаг цөөхөн хүмүүсийн нэг.
“Хүн амьдралаа өөрөө босгож, бүтээдэг. Өөдөлж, уруудах өөрөөс нь шалтгаална. Амьдралын хатуутай нь тэмцэх үедээ тэмцэж, зөөлөнтэй нь эвлэрэх үедээ эвлэрч, зовлон, жаргалын аль алийг нь туулж, урагшлах амьдралыг утга учиртай болгодог гэж боддог. Бэрхшээл болгон зовлон болж хувирдаггүй. Амжилт болж эргэж ирэх тохиолдол зөндөө л байдаг” гэж тэрбээр залууст захиж байна. Шинийг санаачилна гэдэг маш том эрсдэлийг дагуулдаг нь бичигдээгүй хууль. Гэхдээ тодорхой цаг хугацааны шалгуураар тэр бүхэн зөв эсвэл буруу байсан нь харагдана. Тэрбээр энэ салбартаа олон, олон анхдагчийн амжилтыг эзэмшдэг. Жирийн үс засалтаас урлагийн бүтээл болтол нь мэргэжлээ хөгжүүлж чадсан түүний үйлчлүүлэгчид нь өнөөдөр Монголыг өнгөлж яваа олны танил эрхмүүд. Тэдгээрийн амжилтын тодорхой хувь нь түүнтэй холбоотой гэхэд буруудах зүйлгүй болов уу. Хамгийн гол нь тэр өнөөгийн урлаг, соёлынхон, улс төр, биснесийн салбарт түүчээ бологчдын өнгө төрхийг тодорхойлогч билээ.
-Монголчууд үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Үнэхээр ч тийм. Уламжлалаа харсан ч үсний засалт нь нарийн утга учиртай соёл. Нийгмээ дагаад үсний засалт, хэв маяг ч өөр, өөрөөр өөрчлөгддөг. Та түүний бодит гэрч нь. Таныг анх үс засаж байснаас өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Энэ хугацаанд үсний засалтын хэв маяг маш олон удаа өөрчлөгдсөн. Үс сайхан бол зүс сайхан гэж манай ард түмэн ярьдаг. Харин би “Үс сайхан бол сэтгэл өөдрөг” гэж хэлэх дуртай. Бурхан хүнийг тэргүүнээс нь хардаг гэдэг. Тиймээс тэргүүнээ гоёосой гэж боддог Энэ нь хоёр утгыг илэрхийлж байгаа юм. Яагаад гэвэл хүн 1-рт мэдлэг боловсролтой байх хэрэгтэй, 2-рт үс зүсээ арчилдаг байх хэрэгтэй, ухаанаар нь угтаж үзэмжээр нь үддэг хорвоо юм хойно доо. Нөгөө талаар монголчууд тэргүүндээ барагтай хүнийг хүргэдэггүй. Бид хүний хамгийн эрхэм, дээдэлж явдаг тэргүүнд хүрч байгаа учраас мэргэжил маань хамгийн чухал нарийн ур чадвар, сэтгэл шаардсан ажил гэж боддог. Гадны хөгжилтэй орнуудад ч үсчний мэргэжил хамгийн чухалд тооцогддог. Тийм ч учраас боловсролын хувьд дээд түвшинд бэлтгэгддэг. Монголын хувьд, бидний үеэс л арай өөр түвшинд үнэлэгддэг болсноос бус түүнээс өмнө дунд мэргэжилд л тооцож ирсэн. Үсний засалтын хувьд дэлхий дахины загварын чиг хандлагаас хамаарч өөрчлөгддөг. Хувцастай адил улирал болгонд өөрчлөгддөг гэсэн үг.
-Таныг олны танил хүмүүсийн нүүр царайг өөрчилж, хэв маягийг нь тодорхойлдог хүн гэдгээр нь андахгүй. Ялангуяа Монголын урлаг, соёлын алдартнууд таны байнгын үйлчлүүлэгчид. Урлагийн хүн илүү дэгжин, донжтой, бусдаас түрүүнд алхах ёстой. Тэдний хэв маягийг тодорхойлдог хамгийн чухал зүйл нь үсний засалт. Түүнд нь яаж таацуулдаг вэ?
-Үсчин гэдэг мэргэжил таван үсгээр илэрхийлэгддэг ч үнэндээ маш нарийн урлаг. Нийгмийн бүх давхаргын хүрээнд манай салон үйлчилдэг. Заавал урлагийнхан, улстөрчид, олны танил хүмүүсийн үсийг засахыг эрмэлздэггүй. Намайг зориод ирсэн хэн бүхний өмнө бидний үйлчилгээ нээлттэй. Хэн намайг зорьж ирнэ, тэдний үсийг засдаг.
Олны танил хүмүүсийн дүр төрхийг тодорхойлоод 20 гаруй жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд надаар үсээ засуулаагүй олны танил цөөхөн. Ялангуяа рок поп, нийтийн дуучдаас үсэнд нь хүрч үзээгүй хүн ховор шүү.
-Дунд мэргэжлийн түвшинд л үсчид үнэлэгддэг байсан гэж та хэллээ. Гэхдээ Монголд үсний засалтын бие даасан анхны шоуг хийж жинхэнэ урлагийн хэмжээнд таниулсан хүн нь та. Нөгөө талаар залгамж халаагаа бэлтгэн цөөнгүй тооны шавь бэлтгэсэн хүн гэж дуулсан. Хэчнээн шавьтай болоод байна вэ?
-Үс засалт гэдэг маань нарийн мэргэжил төдийгүй урлаг юм гэдгийг олонд түгээх гэсэн миний эрмэлзэл маань 1998 онд шоу хийхэд хүргэсэн. Ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжөөд 90 жил болсон ч шоу хийж байсан тохиолдол байгаагүй. Энэ шоуг хийхэд дуучин Ариунаа, Алтанцэцэгээс эхлээд “Хар сарнай”, “Камертон”, “Номин талст” гээд Монголын рок попын хамтлаг, дуучид бүгд оролцсон. Тэр үед хуучны Москва ресторан “Fire” гээд диско клуб болчихсон байлаа. Тэнд хийсэн. Гэтэл үзэх гэсэн хүмүүс төсөөлснөөс ч илүү ихээр ирсэн. Хаалганых нь шилийг хүртэл хагалж амжсан. Түүнээс хойш таван жилийн хугацаатай шоунууд зохион байгуулах болсон. Тухайн үед урлаг соёлынхноос бусад нь төдийлөн нүүр царайндаа анхаардаггүй байлаа.
-Улстөрчид бол боссон үсээ дарах маягтай самнаад л явдаг байсан байх шүү?
-Тийм, өөрсдөө өрвийж, сөрвийснийг нь дарах маягтай самнаад л өнгөрнө. Үсний засалт, нүүрний будалтын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Гэтэл 1996 онд “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” шоун дээр “Хар сарнай” хамтлаг, дуучин Ариунаа гээд оддын үсийг огт өөр хэв маягаар засаад гаргахад хүмүүс гайхсан. Шоу гэдэг утгаар нь тэгж зассан л даа. Түүнээс хойш сонгуулиар намаар нь ялгалгүй, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй имиж мэкерээр нь ажилладаг болсон.
-Эх баригч хүн тэд дэх хүүхдээ эх барилаа гэж бахархдаг. Үнэхээр ч бахархмаар ажил. Харин та хэдэн хүний өнгө төрхийг, сэтгэл санааг нь сэргээж, үсийг нь засч, зүсийг нь сайжруулав. Тийм тооцоо гаргаж үзсэн үү?
-Нарийн тоолж үзээгүй. Ойролцоогоор 28 жилийн хугацаанд үсчингээр ажиллажээ. Өдөрт багаар бодоход 10 хүний үс засдаг. Ингээд багцаагаар тооцвол ойролцоогоор 100 мянган хүний үсийг зассан байж таарлаа шүү.
-Бидний зарим нь тренд болж буй гээд өөртөө огт зохиогүй хэв маягаар үсээ засуулчихдаг. Эсвэл яг л нэг хэвээрээ засуулсаар л явдаг?
-Хүний өөрийн дүр төрх, араншин өөр, өөр. Жишээлбэл, надад богинохон үс хэзээ ч зохихгүй гээд өөрийгөө итгүүлчихсэн хүмүүс байдаг. Нэг жишээ дурдахад, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ын дарга Оюунгэрэл эгчийн дүр төрхийг би өөрчилсөн. Өмнө нь халимаг үстэй л явдаг байлаа. Тэр үед нь өдөр болгон чемоданаа чирээд оффист нь очиж сэнсдэж өгнө. “Алтжин”-гийн Алтан байна. Бас л халимаг үстэй. Байнга л очиж янзалж өгч, дүр төрхийг нь өөрчилсөн. Учир нь хүн өөрийгөө “кодолчихдог”. Надад богино үс л зохино гэдэг ч юм уу эсвэл богино үс зохихгүй гээд итгэчихдэг. Түүнд нь олон зүйл нөлөөлнө л дөө. Ихэнх нь гадаадад явж байхдаа компьютерт үсээ ямар загвараар засуулбал зохих вэ гэдгийг харуулдаг байж л дээ. Гэхдээ компьютерийн зураг, амьд засалт хоёр өөр шүү дээ. Би “Уучлаарай, ийм засалт зохино” гээд л зөрөөд засаж, өмнөхөөс нь илүү эмэгтэйлэг болгодог байсан.
-Гэхдээ хүний бодлыг өөрчлөх хэцүү. Та тэр хүмүүст яаж нөлөөлж, зөвшөөрүүлдэг юм бэ?
-Уйгагүй хөдөлмөр. Тухайн хүний үсний засалтыг өөрчилж, өөрт нь зохино гэдгийг ойлгуулахын тулд би өөрөө өдөр болгон очиж янзалж өгч байгаа юм. Тэгэхгүй бол хэцүү л дээ. Дамаа халимаг үс бол ургатлаа сөрдийгөөд царай дараад хэцүү. Тиймээс уйгагүй хөдөлмөрлөж, тордож байж ургуулна. Харин дараа нь баярладаг. Тэр их сайхан мэдрэмж. Нэг ёсондоо тэр хүнд үеэс нь гаргасан гэсэн үг л дээ. Үүний дараа хүн хэв маягаа өөрчлөхөд ямар нэгэн хаалт тавихаа больдог.
-Тэгвэл та өөрийнх нь хүссэн хэлбэрээр үсийг нь өөрчлөхөөс татгалздаг уу. Өөртөө зохихгүй засалтаар засуулах гэсэн тохиолдолд?
-Зөрнө. Сэтгүүл дээр гарсан гоё хүүхний зураг авчраад “Ийм л болмоор байна” гэдэг. Өөрөө огт өөр хүн байж шүү дээ. Европийн гоё хүүхнүүдийн зураг хараад тийм болмоор байна гээд зүтгээд байхаар хэцүү шүү дээ. Боломжгүй юм чинь.
-Тэр тохиолдолд та юу гэх вэ?
-“Уучлаарай, таны дүр төрхөд энэ засалт зохицохгүй ээ” гэж байгаад өөрт нь зохих засалтаар засаж өгдөг. Заримдаа тэгж хэлэхээр уурлана. Татгалзах үе байна. Тэр тохиолдолд уучлалт гуйгаад өөр хүнээр засуулахыг зөвлөдөг. Би тэр хүний зүс царай, сэтгэл санааг сайхан болгох гэж үйлчилдэг болохоос муухай болгохыг хүсэхгүй. Тиймээс учраа хэлээд татгалздаг.
-Гэхдээ дараа нь таны зөв байсныг ойлгоод хандана биз?
-Зарим хүмүүс өөрийгөө “кодолдог” гэж ярьсан даа. Түүнтэй адилхан зарим бүсгүй дүр төрхөө өөрчлүүлдэг. Өмнөхөөсөө өөр болоод түүндээ дасаагүй учраас дөнгөж зассаны дараа жаахан дурамжхан байх нь бий. Үсчин хүн засалтаа дуусгаад нөмрөг авах агшинд л үйлчлүүлэгчийнхээ нүүр хувирал, нүдний харцыг ажиглаж байдаг. Зарим нь нөмрөг авахад өөрийн эрхгүй, чин сэтгэлээсээ инээмсэглэдэг. Зарим нь жаахан тааламжгүй, эргэлзсэн байдалтай гарч яваад дараа нь цэцэг бариад ороод ирэх жишээтэй. “Өөрт эвгүй санагдсаар ажилдаа очтол “Манай ажлынхан ямар гоё болоо вэ” гэлээ…”, “Олон жил “Үнэхээр гоё болж” гэж нөхөртөө хэлүүлээгүй байснаа үсээ засуулаад л мэдлээ” гээд л ороод ирнэ. Бидний мэргэжлийн онцлог тэр.
-Гаднах дүр, төрхийг өөрчлөхөөс гадна сэтгэл санааг нь өргөх “эмчилгээ” болдог юм байна л даа?
-Тийм ээ, түрүүн хэлсэн дээ. “Үс сайхан бол сэтгэл өөдрөг” гэж үнэн. Үс нь сайхан болсон хүн сэтгэл өөдрөг явдаг юм.
-Та 28 жил энэ салбарт шинийг санаачлан ажиллажээ. Дахиад асууя. Энэ хугацаанд цөөнгүй шавь бэлтгэсэн байх даа?
-“Урлах эрдэм” дээд сургуульд таван жил багшилсан. Дээр нь Тахир, дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төв гэж байсан. Тэнд таван жил үнэ төлбөргүй багшилсан. Миний сургасан шавь нар маань 21 аймаг, сумдад ажиллаж байна. Анхны шавь маань Баян-Өлгий аймагт багшилдаг 50 гарсан ах бий. Хэдийгээр надаас олон ах ч багш нь учраас их хүндэлнэ. Зөвхөн “Vidal” салоноос гэхэд л 12 салон салбарлаж гарчээ. Ахуйн үйчилгээний салбар үүсч хөгжсөн 90 гаруй жилийн хугацаанд дэлхийн аваргын тэмцээнээс монголчууд медаль авч байгаагүй бол “Vidal” салоноос Ази тивийн аварга гурван үсчин, Европ тивийн аваргаас нэг алт, нэг мөнгө, Дэлхийн аваргаас нэг алт, гурван хүрэл медальтан гарсан нь Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан үйл явдал болсон юм. “Vidal” салон маань олон зүйл дээр анхдагч байж ирсэн. Салоны маань 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд өнчин, ядуу хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, өндөр настай ахмад гээд нийт 17-18 мянган хүний үсийг үнэ төлбөргүй зассан. Ингэж үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна талх өгөхөөс илүүтэй талх барих аргыг нь зааж өгье гэсэн санаачилга гарган Гэр бүл, хүүхэд хөгжлийн төвд хандаж, 24 байгууллагыг нэгтгэн оёдолчин, зурагчин, цахилгаанчин, тогоочийн мэргэжлийн холбоодтой хамтраад 24 мэргэжлээр зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургах ажлыг санаачилж хийсэн.
-Та гадаад харилцааны мэргэжилтэй хүн. Яагаад энэ салбар руу халтирах болов оо?
-Би 10 жилдээ бүжиглэдэг байлаа. Аравдугаар ангиа төгсөөд их сургуульд шалгалт өгтөл уначихсан. Тухайн үед Улаанбаатараас хоёроос гурван хүүхэд л сургуульд орох боломжтой байлаа. Гэтэл би тавд бичигдсэн. Ингээд хуваарьгүй хоцорсон. Гэхдээ дараа нь Олон улсын харилцааны дээд сургуульд орж төгссөн. Дипломатч, багш мэргэжилтэй хүн. Харин үсчин болоод 28 жил ажилласан. Үсчин болоход хөтөлсөн хүн бол миний ээж. Ээж маань намайг анх 19-р хорооллын 36 үсчинтэй газрын үйлчлэгчээр ажилд оруулж “Ажил чамайг голно уу гэхээс чи ажлыг голж болохгүй” гээд “Энэ олон хүний итгэлийг алдахгүй ажиллаарай” гэж захиж хэлсэн. Ийнхүү үсчин болох гараагаа эхэлж байсан юм.
-Таны анхны багш?
-Энэ мэргэжлийн “А” үсэг заасан анхны багш бол Улсын мастер үсчин Заман гэж хүн бий. Үсчний “Б” үсэг зааж, амжилтад хөтөлсөн хүн бол Монгол Улсын мастер үсчин,”Smile” салоны захирал Болдхуяг агсан. Болдхуяг ах маань олны танил хүмүүсийн хэв маяг, дүр төрхийг хэрхэн өөрчлөхөд үнэхээр их зүйл зааж өгсөн. Бид 200 төгрөгөөр үс засдаг байхад ”Smile” салонд таван ам.доллараар үс засдаг байлаа. Тэр үед би шалгуулж ороод, маш их зүйлийг сурсан. Зарим хүмүүс тухайн үед үнийг нь сонсоод гайхдаг байсан л даа. Болдхуяг гэдэг хүн бол Монголд үсчний мэргэжлийн ур чадвар, үнэлгээг бий болгосон хүн. Гэхдээ зөвхөн үнэтэйдээ байгаагүй. Таван ам.доллартаа тэнцсэн тансаг үйлчилгээг бий болгосон.
-Хүн алдаанаас суралцдаг гэдэг. Та хүний үсийг өм авч байсан уу?
-Байлгүй яах вэ. Хүн алдаж, эндэхгүйгээр амжилтад хүрнэ гэж байдаггүй. Гэхдээ гаргасан дутагдлаа маш сайн ухаарч, ой санамждаа авч, түүнийгээ дахиж давтахгүйн төлөө хичээж явсан.
-Таны хамгийн их сургамж авсан алдаа юу вэ?
-Анх үсэнд хими ороохдоо дэндүү нямбай, жижигхэн ороогоод бүтэн гурван цаг болчихсон байсан. Уг нь цаг гаруйн дотор л хийх ёстой ажил шүү дээ. Гэтэл би ороохдоо л гурван цаг болчихсон. Тухайн бүтээгдэхүүн нь чанартай байсан болохоор тэр хүний үс уначихаагүй байх л даа. Түүнээс хойш маш их болгоомжтой ханддаг болсон. Хэрэв тэр хүний үс уначихсан бол яаж үсчин гэж явах вэ дээ. Одоо ч тэрийг санахаар айдаг.
-Өмнө нь Европийнхон голдуу загварын чиг хандлагыг тодорхойлж, түүндээ нийцсэн үсний засалтыг гаргаж ирдэг байлаа. Харин сүүлийн үед Азийн орнуудаас хүч түрэн орж ирж байх шиг. Солонгос, Японы одууд гэхэд л өөрсдийн гэсэн үсний засалттай болжээ. Ер нь хэв маяг хаашаа эргэж байна вэ?
-Азиуд бол өөрсдөө их загварлаг хүмүүс. Дэлхийн тренд урсгал гэж бий. Он, улирлаараа солигддог. Түүнийг ч дагаж, хөл нийлүүлж явахыг бид бүхэн боддог. Гэхдээ хүмүүст зөвлөхөд, хэтэрхий их загвар хөөх нь нэг талаараа буруу. Огт зохихгүй байхад шараар будуулаад, хэв маягийг дагахыг бодоод байдаг. Тэр өрөөсгөл зүйл. Өөртөө зохисон засалтыг хийлгээд явж байхад заавал тренд шаардлагагүй. Ажил мэргэжлийн онцлог, нүдний өнгө, нүүрний хэлбэртээ зохицох эсэхийг мэдэхгүй байж саарал өнгө моданд орж байна гэхээр саарлаар будуулаад байх нь зохимжгүй.
-Тамирчдын хувьд өмсөж буй өмсгөлөөс гадна өөрийн хэв маяг, үсний засалтыг чухалчилж, түүгээрээ өөрийгөө илэрхийлдэг болжээ. Танд манай шигшээ багийн тамирчдаас яг тийм байдлаар хандаж байсан хүн бий юу?
-Олон бий. Бид бүх л талын хүмүүсийн үсийг засдаг болохоор салбар, мэргэжлийн ялгаагүйгээр ханддаг.
-Монголд өөрийн гэсэн үсний засалтын хэв маяг бий юу?
-Монгол үсчид дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд орж амжилт үзүүлдэг. Өөрийн гэсэн хэв маяг, өнгө аястай. Гэхдээ өөрийн гэсэн санааг дэвшүүлье гэхээр техник урсгалууд нь удирдамжийн дагуу өгөгддөг учраас монгол засалтыг хийх боломжгүй. Харин шоу үзүүлбэрүүдэд бол өөр. Тэр үед монгол эхнэрийн, хатны засалтаас эхлээд өөрсдийн соёлыг харуулсан засалтууд хийх нь элбэг.
-Монгол хээ гэхэд соёл, хэв маяг, гүн ухааныг агуулж байдаг. Монгол үсчингүүдийн онцлох хэв маяг юу гэж та харж байна вэ?
-Сэтгэлгээний маш өндөр чадвартай. Жишээлбэл, ганцхан төрлийн засалтыг сурахын тулд гадны мастер эсвэл дөнгөж сурч байгаа үсчингүүд 14 хоногийн хугацааг зарцуулдаг. Гэтэл монгол үсчид өдөрт нэг засалт сураад явчих чадвартай. Үнэхээр аливаа зүйлийг хурдан сурч, өөрийн болгодог. 1998 онд шиг санагдаж байна. дуучин Мягмарсүрэнгийн үсийг харуудынх шиг сүлжиж зассан. Тэр засалтыг өөрөө санал болгосон. Тэр засалтыг нь би нэг хараад л сурах жишээтэй. 2000 онд үс залгадаг технологи орж ирсэн. Тухайн үед би олон улсын тэмцээнд оролцохоор Солонгост явж таарсан. Тэр үед Солонгосын нэг үсчний гадаа зогсоод, цонхоор нь хартал үсний залгаа хийж байна. Харж байгаад л сурчихсан. Тэгээд л Монголд ирээд хийж эхэлсэн. Энэ би мундагтаа биш монгол хүний ур чадварт байгаа юм. Нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Ахуй үйлчилгээний салбар Монголд хөгжөөд 90 жил болсон ч дэлхийн хэмжээнд хөгжөөгүй байсан. Харин бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд “Vidal” салоноос Ази тивийн аварга, Гранпри, Европийн мөнгөн медаль, Дэлхийн аварга, медальтнууд манайхаас төрөн гарсан.
-Хүн өөрийн мэргэжлээс шалтгаалаад тэр талаасаа хүнийг илүү хардаг болдог шиг. “Мэргэжлийн өвчин” ч гэж үүнийг хэлдэг. Монголд олны танил хүмүүсээс өөртөө зохимжгүй үсээ засуулдаг хүнийг хэлээд аль гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Уг нь өөрт нь тус болох үүднээс олон хүнийг шүүмжилдэг байсан. Гэхдээ шүүмжлүүлж буй хүмүүст эвгүй юм билээ. Зарим хүмүүс өөрт нь хэрэгтэй зүйл зөвлөж байна гэж ойлгодоггүй. Гомдоод байдаг болохоор энэ удаад орхиё. Гэхдээ олон хүн бий.
-Энэ салбар зах зээлийнхээ жамаар хөгжиж байна. Бид өөрсдийн ажил, уулзалтаас хамаарч үсээ засуулдаг болж. Таныг анх үсчин болж байсантай харьцуулахад өнөөдөр энэ урлаг хэр өссөн бол оо?
-Маш өндөр хэмжээнд өссөн. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг шиг гадаад үзэмждээ анхаардаг болжээ. Үүнийг дагаад үсний засалт хөгжиж байна.
-Эдийн засаг хүнд байна гэж хаа сайгүй ярих боллоо. Үйлчилгээний салбарт ч энэ бүхэн нөлөөлөх боллоо. Ресторануудад ширхгийн хоол сурагладаг болсон гэж салбарынхан яриад байна. Танд юу мэдрэгдэж байна вэ?
-Манай салоны нөхцөлд гэхдээ арай өөр. Бидний үйлчлүүлэгчдийн нэг онцлог нь олны танил хүмүүс. Тэд яаж ч хүндэрч байсан үсээ засуулахтайгаа байдаг. Олны танил хүмүүс одоо хүнд байна гээд арзайгаад суухгүй л дээ. Гэхдээ хямралын үед үсээ засуулах давтамж нь холдох тал бий. Долоо хоногт гурван удаад үсээ сэнсдүүлдэг байсан бол нэг сэнсдүүлэх жишээний.
-Үсээ хусуулахаар өтгөрдөг гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Буруу ойлголт. Үсээ хусуулж үзээгүй хүмүүс хусуулбал хурдан ургадаг, цагаан үс багасдаг гэж ойлгодог. Үгүй. Үсний булцуу чинь хуйхандаа хэвээрээ л байгаа амьд эд шүү дээ.
-Үс халцрах юунаас үүдэлтэй вэ?
-Олон зүйлээс шалтгаалдаг. Түүний нэг нь стресс. Өнөөдөр манайд бүгд л ууртай, бухимдалтай байна. Дэлгүүр орсон ч, машинаар явсан ч түгжрээд бухимдах жишээтэй. Дээр нь агаарын бохирдол хүртэл нөлөөлж байна. Өөр нэг хүчин зүйл нь хүмүүс баруун тийшээ үсээ хагалдаг бол тэр тал руугаа л хагалж самнаад байдаг. Нэг тийшээ байнга хагалах нь үс хоорондын зайг холдуулж, сийрэгжүүлж, халцрахад хүргэдэг. Тиймээс самналтаа тодорхой давтамжтай өөрчилж байх хэрэгтэй. Ингэснээр үс нь ч буцаад төлждөг.
2018 оны 5-р сар
Ярилцсан: Н.Оюунцэцэг