//Э.Оюунболдын шүүх хуралдаан тавдугаар сарын 22-нд товлогдлоо

Э.Оюунболдын шүүх хуралдаан тавдугаар сарын 22-нд товлогдлоо

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08.30 цагт болж өндөрлөв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлов.

Дашрамд сонирхуулахад, Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар