//БНСУ-д зай барих дэглэмийг сулруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ

БНСУ-д зай барих дэглэмийг сулруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ

БНСУ-ын Засгийн газар 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын тархалттай холбогдуулан тогтоосон “нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан “ахуйн хүрээнд зай барих” дэглэмд шилжүүлэхээр шийдвэрлэв. Цаашид халдварын нөхцөл байдлаас хамаарч “Ахуйн хүрээнд зай барих”, “Нийгэмд зай барих”, “Чангатгасан арга хэмжээ” зэрэг хөл хорио тогтоох 3 дэглэмээс үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх болов.

Ахуйн хүрээнд зай барих зөвлөмж нь хувь хүний түвшинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж нийгмийн харилцаанд хэвийн оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд энэ дэглэмд шилжсэнээр гадуур чөлөөтэй гарах, уулзалт зохион байгуулах, нийгмийн хамгааллын байгууллагын үйл ажиллагааг сэргээх, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, талбай, сүм хийдийн цуглаан, музей, театр үзвэр үйлчилгээний төвийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж ажиллана.

Хэдийгээр улс орон даяар хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа боловч амны хаалт зүүх, хүн хоорондын 2 метрийн зай барих, халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл гэрээс ажиллаж, биеэ ажиглах зэрэг үндсэн журмууд хэвээр мөрдөгдөнө.

Түүнчлэн БНСУ-ын Боловсролын яам 5 дугаар сарын 13-ны өдрөөс төгсөх ангийн болон ахлах ангийн сурагчдын, 5 дугаар сарын 20-ноос дунд сургуулийн төгсөх ангийн, бага сургуулийн 1-2 ангийн, 5 дугаар сарын 27-ноос 3-4 анги, 6 дугаар сарын 1-нээс 5-6 ангийн сурагчдын танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: http://consul.mn