//Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дипломат албаны тухай хууулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж,  2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.