//УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасанаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж, УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон хэмээн танилцуулгад дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулж, хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилжээ.

Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлсэн байна.

УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилж, Улсын Их Хурал нь анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн эрх зүйн байдал, хянан шалгах түр хорооны талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарын талаар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа анхдугаар чуулган зарлан хуралдуулахтай холбоотойгоор төслийн зарим зүйл, заалтыг ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй гэж тус тус асуулт асууж, саналаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Монгол УИХ-ын тухай хуулийн төсөлд тусгаснаар УИХ-ын гишүүдийн эрх хумигдаж, сахилга хариуцлага дээшлэх, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага байх, гишүүд ард түмний элч төлөөлөгчийн үүргээ биелүүлэх үүрэг нь өргөжих агуулгатай болж байна.

УИХ-ын гишүүд томилох, томилогдох, төсөв санхүү батлах, хууль тогтоох гэсэн гурван эрхтэй байсан бол одоо хууль тогтоох, ард түмнээ төлөөлөх үндсэн шалгуурт нийцэж ажиллах болж байна. УИХ-ын гишүүн нэр дэвшигчийг сайдаар томилох эрх үгүй болж, дараа нь би сайдаар томилсон шүү гэсэн дарамт шахалт, яриа хөөрөө алга болно. Мөн санхүү төсөв батлахдаа өөрийн тойрог, аливаа бизнесийн салбарыг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтыг нэмдэг асуудал хязгаарлагдан цэглэгдэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Ингэснээр УИХ-ын гишүүнд цэвэр хууль батлах,  хууль тогтоогчийн эрх мэдэл үлдэж байна. УИХ жудаг ёсыг эрхэмлэж, ард түмний засаглах эрхийг хангадаг үндсэн байгууллага болон төлөвшиж, төгөлдөрших үндэс суурийг энэ хуулиар тавьж байгаа юм. Энэ асуудлыг дараагийн хэлэлцүүлгийн үеэр анхаарч ажиллахыг чиглэл болгож байна” хэмээн мэдэгдсэн юм.