//Сөүл, Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ

Сөүл, Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ

БНСУ руу 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин сайдын яамд шинээр иргэдийг бүртгэхгүй. Өмнө нь эх орондоо ирэх хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнууд хамрагдах юм. Хүсэлт гаргасан иргэд 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.