//Амны хаалт байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг уриалж байна

Амны хаалт байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг уриалж байна

Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Монгол Улсад 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс дөрөв нь эдгэрч одоогоор 12 өвчтөн ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд амны хаалт зүүхгүй байх, гадуур хөл хөдөлгөөн ихсэх хандлага ажиглаж байна. Энэ байдал нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусний бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктороос би франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрбээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа” гэж хэлсэн.

Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд “хүү минь, найз минь ч маскаа зүүгээч” гэж хэлье, шаардъя. Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайшраад байгаа үр хүүхэд, найз нөхөддөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусний халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Монголчууд огт тайвширч болохгүй. Иргэн бүр амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг чанд сахих ёстой. БНХАУ-д иргэд нимгэн цайвар бээлий өмсөж халдвараас маш сайн сэргийлж чадсан гэж дүгнэж байна. Мөн ихэнх хаалганы бариулыг зэвэрдэггүй хайлшаар хийсэн байдаг нь нян, халдвар түгээх өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд онцгойлон анхаарч гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй” гэсэн юм.

Амны хаалтыг байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг нийт иргэддээ уриалж байна.