//УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдаш нар өчигдөр (2020.04.08) “Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг онлайн хэлэлцүүлэг Их Британийн цагаар 09 цаг 30 минут, Монголын цагаар 16 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд нийт 25 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, Ковид-19 цар тахлын халдварын тархалтын үед парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал зөвлөмжөө солилцсон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар онлайн хэлэлцүүлэгт оролцогчдод, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнгөрөгч даваа гарагт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын Тамгын газар цахим хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж, чуулганы хуралдаан нийт таван танхимд, гишүүдээ 1.5-2 метрийн зайтай суулган хуралдаж байна.

Мөн цаг үеийн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг хэлэлцэж байна. Улс оронд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулж, асуудлыг хэлэлцүүлж болох зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Ингэхдээ өөрийн дотоод цахим хурлын программыг ашиглаж байхаар хөгжүүлэлт хийж эхэлсэн” хэмээн танилцуулав.

“Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлгийн талаар Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдашаас тодрууллаа.

– “Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо.  Ковид-19 цар тахлын тархалтын үед бусад улсын парламентууд хэрхэн ажиллаж байна вэ?

-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” онлайн хэлэлцүүлэгт АНУ, Австрали, Филиппин, Англи, Йемен, Пакистан, Киргиз, Африк, Монгол зэрэг улсын төлөөлөл оролцсон. Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейнинг АНУ-аас оролцлоо. Үндсэн хууль болон парламентын дэг, шаардлагатай нөөц, боловсон хүчний хүрэлцээ, олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх стратеги, парламентын технологийн чадавх, бэлэн байдал гэсэн үндсэн асуудлын хүрээнд ярилцлаа.

Бусад улсын парламент манайхтай адилаар онлайн хурлын горимд шилжих, эсхүл гишүүд хуралдаандаа бүгд биечлэн оролцохгүйгээр бүлгийн даргаараа уламжлан саналаа илэрхийлэх зэргээр зохицуулж байна. Тухайлбал, Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь хуралдаанд оролцоход хангалттай гэж үзэж байх жишээтэй.

– Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламентаар хэлэлцэж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хийхэд анхаарах шаардлагатай асуудлуудын талаар ярилцав уу?

-“Global Partners Governаnсе” байгууллагын олон улсын зөвлөхүүд Үндсэн хууль болон дэгийн хуулиудад өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн анхаарах шаардлагатай асуудлыг хөндсөн. Хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулийн суурь зарчмаасаа гажихаас сэргийлэх юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газарт эрх мэдэл төвлөрөх хандлагатай байна. Жишээлбэл, Англид Коронавирус -2020 хуулийг баталж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн.

Урьдчилж тооцоолох боломжгүй олон эрсдэл үүсэх магадлалтай учраас харилцан хяналт-тэнцлийн зарчмыг хангах үүднээс парламентаас Засгийн газарт тавих хяналтаа сулруулж болохгүй. Эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх явцад хүний эрхийг зөрчих асуудал гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой. Мөн бүх үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, үр ашигтай шийдвэрийг гаргаж, нийгмийн бүхий л давхаргын тэгш байдлыг хангахад анхаарахыг олон улсын зөвлөхүүд сануулж байна. Түүнчлэн парламент дотроо олонх, цөөнхийн төлөөллийн тэгш байдлыг хангах, парламентын гишүүд нэгнийгээ онлайнаар дайрч, дарамтлах, үүнээс үүдэн хуурамч мэдээлэл түгэх зэрэг эрсдэл үүсэхээс сэргийлэхэд гишүүд өөрсдөө болон Тамгын газрууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байна.

Мөн цахим хурал зохион байгуулах нөөц, дэд бүтцийн асуудлыг хөндөж ярилцлаа. Интернэтийн хурд, компьютер, техник хангамжийн хүрэлцээ, санхүүгийн зардал, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн ажилтны хүрэлцээ зэрэг асуудал улс орон бүрт харилцан адилгүй. Гэхдээ шийдэх ёстой асуудлын нэг болж байна. Цахим парламентын үйл ажиллагаа урт хугацааны шийдэл үү, богино хугацаанд буюу үүссэн нөхцөл байдалд л хэрэгжих үү гэдгээс шалтгаалаад зохицуулалтууд хийх шаардлагатай.

Иргэд, олон нийтийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах асуудал ч чухлаар хөндөгдөнө. Олон нийттэй харилцах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, олон сувгаар мэдээллийг түгээх хэрэгцээ гарч байна. Мэдээж энгийн үеийн мэдээлэл түгээх байдлыг гүйцэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, зорилтот бүлэгт мэдээлэл хүргэх стратеги чухал. Телевиз, радио, сонин, сайтаас гадна сошиал медиаг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ мэдээллийг сабтайтл бичиг, дохионы хэлмэрчтэй хүргэх зэрэг олон асуудал байна.

– Парламентууд хоорондоо туршлага солилцох боломж ямар байна вэ?

-Парламент ардчилал, хүний эрхийг хангах чухал институт. Иймд парламентууд хоорондын уялдаа, хамтын ажиллагаа, шуурхай мэдээлэл солилцох нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал. ОУПХ энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өчигдөр болсон виртуал хэлэлцүүлэг ч туршлага, мэдээлэл солилцож байгаа хэлбэр юм. Энэ хэлэлцүүлэгт парламентын гишүүн байсан, парламентын шинэчлэлийн чиглэлээр ажиллаж байсан, Үндсэн хууль, парламентын чиглэлийн судлаачид зэрэг төрийн болон улс төрийн албан тушаалыг олон жил хашсан, туршлагатай зөвлөхүүд оролцсон.

-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагын талаар мэдээлэл өгөөч?

– Энэ байгууллага Английн Лондон хотод төвтэй, дэлхийн 30 гаруй оронд улс төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.  Төв болон бүс нутгийн төр засгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай олон улсын зөвлөхүүдтэй. Улс төрийн бүтэц, үйл явц хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай учраас хувь хүнд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг.

– Ярилцсанд баярлалаа.