Венесуэлийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцохыг тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарласан Хуан Гуйадо олон нийтэд уриалаад, түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн дэмжиж байгаа гэж хэлжээ.
Мягмар гарагт Венесуэлийн эрх баригчид Х.Гуйадог үндсэн хуулийн хэв журамд аюул занал учруулж болзошгүй үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутгаж, түүнд хилийн хориг тавьж, хөрөнгийг нь битүүмжилсэн юм. Үүний дараа Х.Гуйадо лхагва гарагт Д.Трампаас дуудлага хүлээн авсан тухайгаа “Твиттер” хуудастаа жиргэсэн байна.
Мөн тэрбээр, өөрийг нь түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлээд, ардчиллыг цогцлоох явцад хүмүүнлэгийн тусламжаар хангана хэмээн Д.Трамп амласан гэж мэдэгджээ.
Харин Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд цэргийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, түүний эрх мэдлээ хадгалан авч үлдэх гол түлхүүр нь цэргийн хүчин хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн түр Ерөнхийлөгчийг дэмжсэн Өмнөд Америкийн сэтгүүлчид болон Н.Мадурог шүүмжилсэн сэтгүүлчдийг энэ долоо хоногт хууль сахиулагчид баривчилсан байна.