//Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр /2020.03.15/ хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ.


Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагууeдтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.