//Лувсангийн Хүрэлбаатар: “МОНОС” нь Монгол оюун сэтгэлгээ, оюун санаа, оюуны сор гэдгийн товчлол

Лувсангийн Хүрэлбаатар: “МОНОС” нь Монгол оюун сэтгэлгээ, оюун санаа, оюуны сор гэдгийн товчлол

Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын эмийн санг удирдах конторт эм шинжлэгч, дарга, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрүүл мэндийн хэвлэлийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар хэлтсийн дарга, “Эмимпекс” концерний нэгдүгээр орлогч дарга, 1990 оноос “Моносфарм”-ын Ерөнхий захирал, 2004 оноос “Монос” группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Лувсангийн Хүрэлбаатар нь 1990-95 онд Монгол Улсын Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, 1996-2015 онд Эм зүйн байгууллагын нэгдсэн “Эм” холбооны ерөнхийлөгч, 2005 оноос Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч, 2012 оноос Монголын инновацийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Доктор, профессор, академич Л.Хүрэлбаатар 2012 оноос Монгол Улсын ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, 2013 онд Анагаах ухааны академийн гишүүнээр сонгогдсон.
Судалгаа шинжилгээ, сурах бичиг, гарын авлага зэрэг 12 ном бичиж орос, монгол хэл дээр хэвлүүлснээс гадна 10 гаруй ном редакторлажээ. Эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл бичиж, монгол, англи, орос, герман хэлд дээр нийтлүүлжээ. Л.Хүрэлбаатар 2006 онд Монгол Улсын Төрийн соёрхлыг Биомон гоо сайхны цуврал бүтээгдэхүүн, Салимон, Дентамон эм бэлдмэлээр хүртсэн. Мөн 2017 онд Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор шагнагджээ.

-“Монос” группийн нэрийг модны нэрийг л гэж ойлгож ирсэн. Гэтэл өөр утгатай юм билээ?
-1990 он бол манай орны улс төрийн амьдрал төдийгүй монголчуудын оюун санааны эрс өөрчлөлт, хувьслын он байсан. Олон жил коммунист сурталд дарагдсан үндэсний үзэл сэргэж, тэр нь заримдаа хэмжээнээсээ хэтэрч, хоршоо, аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнд юм л бол их хааны нэр, Монгол гэсэн нэр өгөх боллоо. Анх компанийхаа нэрийг өгөхөд ч миний толгойд ялгаагүй Монгол гэсэн үг эргэлдээд, монгол оюун санаа, монголчуудынхаа саруул ухааныг шүтсэн нэр эрж хайж байлаа. Монгол Оюун, Монгол Санаа, Монгол сэтгэлгээ гээд олон нэр бодсон. Дээрхи нэртэй холбоотой олон нэрний хувилбар, тархинд эргэлдсээр нэг л өдөр МОНОС буюу Монгол Оюун сэтгэлгээ, Монгол оюун санаа, Монгол Оюуны Сор гэдэг үгийн товчлол харваад орж ирсэн дээ.
-Та муухан зохиолчоос илүү бичдэг, бичих авъяастай хүн. Гэхдээ эм зүйч мэргэжлээр төгсөж, ажилласан нь сонирхол татдаг?
-Дунд сургуульд байхдаа зохиолч, сэтгүүлч болохыг хүсдэг. Тиймээс “Пионерийн үнэн”, “Залуу үе” сэтгүүлд юм бичиж нийтлүүлдэг, тэр үед хамгийн идэвхтэй бичсэн нэг сурагчийг Орос руу сэтгүүлчийн ангид суралцуулахаар явуулдаг байсан. Намайг сонгон, сургууль руу миний дээр урилга явуулсан боловч сургуулийн удирдлага “Арын хаалгадлаа, яахаараа нэр зааж хуваарь ирүүлдэг юм, үндсэн сурагчаа явуулна” гэдэг надад тэр хуваарийг өгөөгүй. Аав минь томилолтоор олон аймагт ажилласан, аавыгаа дагаж энд тэнд дагаж нүүдэллэн сурсаар, есдүгээр ангидаа нийслэлийн 18 дугаар (одоо 52) сургуульд шилжин ирсэн юм. Тиймээс намайг үндсэн сурагч биш гэж ялгаварласан хэрэг л дээ.
-Өсвөр насны хүү мөрөөдсөн мэргэжлээрээ сурах боломж гарсан ч, нэр зааж ирсэн, хүссэн сургуулиа авч чадаагүй нь хүнд цохилт болсон байхдаа?
-Шарлахаад “Өөр хуваарь авахгүй, цэрэгт явж амьдрал үзнэ, уран бүтээлээ хийнэ” гэж зүтгэсэн. Ангийн багш ээж, хоёр эм зүйчийн хуваарь ав гэж ятгасан, эхлээд надад аптект эм найруулдаг л хүүхэн төсөөлөгдөөд. Гэхдээ аав минь тэр үед хоёр гурван вакцин санаачилсан байсан, аавын ажил дээр очдог, эм вакцин яаж хийхийг хардаг, хөдөө хамт явсаар эмийн ургамлын ойр зуурын мэдлэгтэй болсон нь нөлөөлсөн. Тэгээд зохиолч сэтгүүлч болдоггүй юм бол аав шигээ зохион бүтээгч болъё гэж бодож мэргэжлээ сонгосон.
-Та Кавказад, Лермонтовын цөлөгдөж, дуэль хийж эцсийн амьсгалаа хураасан газар дээд сургуулиа дүүргэсэн. Энэ нь бас зохиолч болохыг мөрөөддөг хүүд сонин байсан уу?
-Пятигорск хотод Эм зүйн дээд сургуульд сурч төгссөн. Яруу найрагч Ю.Лермонтовын амьдралын сүүлчийн өдрүүдтэй холбоотой түүхээрээ алдартай, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн сайхан нутаг. Павлов багш маань Физиологийн суурь хичээлээс гадна анагаах ухааны хэвшсэн онолоос гадуур, чөлөөтэй сэтгэх сэтгэлгээг надад заасан. Хоёулаа ЗХУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эм зүйн ухааны доктор профессор Муравьев, Муравьева гэдэг эхнэр нөхөр хоёр намайг мэргэжилдээ дуртай болгох, судалгааны арга барил эзэмшихэд их тус болсон. Мөн Фарм химийн багш доктор профессор Беликов мэргэжилдээ дурлахад нөлөөлсөн дөө.
-Төгсөөд ирэхэд ямархуу байдалтай угтав?
-Монголын ч, Оросын ч эм зүйн салбарт нэг хэвд баригдсан, бүх заавар тушаалыг дээрээс өгдөг, эрдэм шинжилгээний хийх ажил 1,2 гээд дугаарлачихсан байдаг. Чөлөөтэй ажиллах нөхцөл хангагдаагүй, яваад эмийн ургамал судлах, нөөцийг нь тогтоох хангалттай төсөв мөнгө ч үгүй байлаа. Хүн нэг загварт баригдаж болохгүй, байнга шинэ зүйл эрж хайж байх хэрэгтэй. Тодорхой шинжлэх ухаан заалгасан ихэнх хүмүүс тийм байх ёстой гэж заалгасан хүрээндээ баригддаг гэж боддог. Нэг сонин зүйл ажигласан. Социализмын үед шинэ юм зохион бүтээж Төрийн шагнал хүртсэн нэлээд хэдэн хүн бий. Тэд ихэнх нь дөрөв, долдугаар ангийн боловсролтой. Яагаад инженерүүд ийм юм хийж чадаагүй вэ гэвэл, ингэж болохгүй, тэгэх ёсгүй гэж заалгасан хүрээндээ баригддаг.
-Гэхдээ л та Монголдоо зарим талаараа анхдагч болсон хүн. Энэ түүхээ яриач?
-Павлов багш маань энэ хязгаарыг давах сэтгэлгээг төрүүлсэн. Энэ нь “Хөдөө орон нутагт яагаад эм үйлдвэрлэж болдоггүй юм бэ” гэсэн бодолд хүргэсэн. Хүмүүс эмийн үйлдвэр гэхээр л том, нүсэр, өч төчнөөн мэргэжилтэн хэрэгтэй гэж боддог. Анх эмийн ургамлаар эм хийх цехийг Хөвсгөл аймагт Цэрэндэндэв гэдэг сайхан хүнтэй хамтарч байгуулснаараа би омогшиж, анхдагч гэдгээрээ бахархаж явдаг. Эндээс үлгэр жишээ авч, дууриаж зургаан аймагт эмийн ургамал боловсруулах цех байгуулагдсан. Тухайн үед хөдөө эмийн ургамал боловсруулж, эм үйлдвэрлэж байна гээд төр засгаас баяр хүргэж байлаа.
-Ерээд оны үед монголчууд таны бүтээсэн эм, хандаар биеэ эмчилж, бүсгүйчүүд “Марал”, “Буга” тосыг хэрэглэж байсан. Гэхдээ таныг “Читамон” эмэндээ “хайртай” гэх юм билээ?
-1991 онд эм тариа тасарч, ханиад хүрэхэд хэрэглэдэг тарваган шийрийн шахмал хүртэл тасарчихсан байлаа. Хамгийн хялбар найрлагатай, хийе гэхэд надад шахмал эмийн машин байдаггүй. Зэхмэл хийгээд савлая гэхээр ургамлын нунтаг, натрийн гидрокарбонатын нунтаг хоёрын хувийн жин их ялгаатай болохоор жигд холилдохгүй, тарваган шийрийг дангаар нь савлах гэхээр маш хортой, эмэнд ердөө хэдхэн мг ордог. Бодож бодож, ном хэвлэл уншиж байгаад чихэр өвсөөр индиферент бодис болгохоор шийдсэн нь оновчтой болсон. Чихэр өвсний нунтгийн хувийн жин, тарваган шийрийн өвсний нунтагтай хувийн жин ойролцоо болохоор туслах бодисын үүрэг гүйцэтгэж дүүргэгч бодис болно. Цэр ховхлох үйлдэлтэй болохоор тарваган шийр өвсний энэ үйлдлийг идэвхжүүлнэ. Түүний зэрэгцээ чихэр өвс, үрэвслийн эсрэг, дархлаа сэргээх үйлдэлтэй гээд олон давуу талтай байсан. Энэ санаагаа олонгуут “Эврика” гэж хашгираад унтаж байсан ханиа цочоон сэрээж билээ. Шахмал эмийн машинтай болмогц зэхмэлээ шахаж “Читамон” нэр өглөө.Тэгж бүтсэн цэр ховхлох зэхмэл маань Читамоны эхлэл болж дээ. Тэр үед нэг орос хүн эмийн санд орж ирээд “Откашля” авъя гэж (тарваган шийрийн шахмалын орос нэр). Аваад өгтөл Оросын биш, Монголынхыг авъя гэж. Тэр нь Читамон шахмалыг хэлж байгаа хэрэг. Тэрийг сонсоод би их баярлаж билээ. 2015 онд тооцоо хийж үзсэн, 20 гаруй жилд давхардсан тоогоор 18 сая хүн хэрэглэснийг сонсоод бахархал төрсөн, одоо хэрэглээ бүр нэмэгдээ биз ээ. Ерээд оны эхэн үед бид патент гэж мэддэггүй байж. Хэдхэн жилийн өмнөөс оросууд тарваган шийртэй шахмалынхаа найрлаганд чихэр өвс оруулаад эхэлсэн байна лээ. Би Читамоноо 1996 онд Монголд патентлуулсан ч, ОХУ-д патентлуулаагүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ л монгол хүний жороор оросууд эм үйлдвэрлэж байгаа гэж бодохоор сэтгэл өег байдаг.
-“Монос”-ын эм гадаад зах зээлд гарч эхэлсэн. Ямар эмийн борлуулалт сайн байна?
-Читамон, Салимон, Хлорфенаминыг их сонирхдог. Ялангуяа оросуудад Нефромон их эрэлттэй байгаа. Натурвит 2000 оны, Хлорфенамин 2001 оны шилдэг эмээр шалгарч, Читамон 2001 онд олон улсын үзэсгэлэнгээс медаль авсан, бөөрний Нефромон, Салимон үр дүнтэй болсон. Нефромон төрөл бүрийн архаг болон хурц өрөвсөлт эмчнийг эмчлэхэд үр дүнгээ сайн өгч байгаа. Салимон эмийг эрүүл байхдаа ч ууж байвал хэрэгтэй, дархлааны системийг дэмждэг онцлогтой эм.
-“Монос” гоо сайхны бүтээгдэхүүн бүсгүйчүүдийн сайн найз болж чадлаа. Олон улсын зах зээлд амжилттай яваа гэсэн?
-Биомон гоо сайхан бэлдмэлд ордог гүүний саам, чацаргана, барагшун нь арьсны дархлааны эсийг олшруулж, бодисыг солилцоог идэвхжүүлэн, залуужуулж, арьсыг эмчлэх нөлөөтэй. Биомон Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальтай. Герман, Япон, тэр байтугай, Балбын бүсгүйчүүд захиалж хэрэглэдэг, эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн. Саяхан халгайтай Биомон шампунь Хятадын Taobao сайтад тавигдаад эндээс ачсан нөөц хоёрхон хоногийн дотор дууссан нь бидний ажлын үр дүн юм даа.
-Гоо сайхны Биомон цуврал, бас үйлдвэрлэсэн эмүүдээрээ Төрийн соёрхол хүртсэн. Эмийн бизнес эрхэлж, эрүүл мэндэд тустай үйл эрхэлж, хүмүүст нас нэмж байна?
-2006 онд Салимон, Дентамон эм, Биомон гоо сайхны цувралаар Төрийн соёрхол хүртсэн. Манай компани сүүлийн үед өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүд үйлдвэрлэх болсон. Нефромон эмийг бүтээсний дараа Эрүүл мэндийн гавьяат ажилтан, миний хуучин дарга Содномдаржаа гуай “Хүү минь чи эм зүйч болсныхоо хэргийг гаргаж дээ” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
Миний төрийн шагнал авсан бүтээлийн нэг бол хэсэг газрын дархлаа сэргээх “Дентамон” бэлдмэл юм. Буйланд үрэвсэл үүсдэгээс үүдэн тэрхүү бэлдмэлээ бүтээсэн. Тэгтэл саяхан буйланд H17 хэмээх дархлааны эс байдгийг эрдэмтэд нээсэн гэх мэдээг олж хараад, хийсэн ажил маань шинжлэх ухаанаар бүрэн батлагдахад олзуурхаж л суулаа. Иймэрхүү тохиолдлууд ер нь олон шүү.
Эрүүл мэндийг үнэгүй гэж боддог болж, эрүүл мэнддээ мөнгө зарцуулж чадахаа больж. Өөртөө 100 мянга, бүр саяар гутал аваад өмсдөг хэрнээ өвдөөд 20-30 мянгаар эм авч уухдаа нэлээд бодлогоширдог хүн олон шүү.
-Сүүлийн үед хорт хавдрын эсрэг “Алотагат”, уушги цэвэрлэх цай гээд монголчуудын эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гарсан. Бүтээсэн эм, цувралаа тоолж үзэв үү?
-Бид нийтдээ 100 гаруй төрлийн эм үйлдвэрлэсэн. Сүүлийн үед манайх эмийнхээ нэр төрлийг цөөлсөн. Эмийн жижигхэн зах зээлд бусдынхаа хийж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд яах вэ, ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн зорилготой ажиллаж байна. Манайх 50 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж байгаа.
-Танай компани буяны үйлст гар татдаггүй. Номын хэвлэлтийн зардлаас эхлээд бөхчүүдийг ялгалгүй ивээн тэтгэдэг?
-Эмийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай бүтээгдэхүүнээр оны шилдэг шинэ зүйл хийх судлаачдад дэмжлэг болгох зорилгоор 50 сая төгрөгийн шагналтай уралдаан зарласан. Боломжоороо зохиолчдын сайн ном, дуучдын тайлан тоглолт, зураач, уран бүтээлч найзуудынхаа үзэсгэлэнг ивээн тэтгээд явдаг. Содномдорж арсланг начин байхаас нь эхлээд дэмжсэн, 9 жил дээлийнх нь захыг мушгилаа. Анагаах ухаан, эм зүйн ухааны шилдэг бүтээлийг 20 шахам жил шалгаруулан шагнаж байна гээд зөндөө, зөндөө.
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Ажиллах хөдөлмөрлөх шүү дээ. Монголчууд өөрсдөө л хөдөлмөрлөж Монгол Улсаа хөгжүүлэхгүй юм бол хэн хөгжүүлэх юм бэ. Тиймээс бүгдээрээ ажиллая. Өнгөрсөн зууны 60-аад оны үед солонгосчууд “Бид Японоос хол хоцорчээ. Тэд өдөрт 8 цаг ажиллаж байгаа бол бид 16 цаг ажиллая. Тэд хоёр аяга будаа идэж байвал бид нэг аягыг идье. Тэгж байж л гүйцнэ” гэж зорилт тавьсан гэдэг. Тэд одоо бараг гүйцлээ. Монголчууд бид хөдөлмөрлөхгүй бол хатуухан хэлэхэд, дэлхийн хөгжлийн тоосонд дарагдаад 200 гаруй улсын адагт нь орох нь.
-Таныг 40 насанд ажил эхэлж амжилтанд хүрч болно гэдгийг харуулсан гэх юм билээ?
-Би 38 насандаа “Монос” эмийн үйлдвэрийн эхлэлийг тавьжээ. Шахмал эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээ хийх лабораторийн аль нь ч байгаагүй ч цэр ховхлох усан эм хийж, энд тэндхийн лабораториос тусламж аван, орос цэргүүдийн орхиод явсан нурах шахсан байшинд эм бүтээх тасаг гэсэн хаяг хадчихаад ганцаараа сууж байсан гээд яривал үлгэр шиг л сонсогдоно. Зарим залуус шинээр эхлэхэд оройтлоо гэж ярихыг сонсоод харамсдаг. Тухайн үеийн нийгэм нь ямар байлаа, “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг, өгдөг нь ч юу байлаа“ гэдэг шиг мөнгө хуримтлалтай хүн цөөн. Өнгөт зурагтаа 4000 төгрөгөөр зарж, үйлдвэрийнхээ анхны санхүүгийн эх үүсвэрийг босгосон. Өөрөө явж багахан эмийн ургамал цуглуулан, хэвлэлийн газар уут захиаллаа. Тэр үеэр эмийн сангууд хоосорчихсон байсан ч гэлээ зарах газар олдохгүй, аргагүйн эрхэнд зах дээр зарсан. Хамтрах хүн олдоогүй, хувийн жижиг үйлдвэрт ажиллах хүн олдохгүй. Аргаа бараад тэтгэвэртээ гарсан хөгшнийг анхны ажилчнаараа авч, удаад нь 10-р анги төгссөн охиныг 600 төгрөгөөр цалинжуулахаар болж байж ажилд авсан. Эмийн ургамлаа түүчихсэн боловч нунтаглах машин байхгүй. Хувийн машинтай найзаа гуйж Хонхорт байдаг эмийн үйлдвэрт очин ажилчдад нь нэг шил архи өгч байж нунтаглуулна. Нэг килограмм таван салааг хатаахад 150 грамм болно. Савлаад зарсан нь борлож байна гэж жигтэйхэн. Мөн ургамал хандалдаг машиныг өөрөө гарын дор материал ашиглан зохион бүтээлээ. Ингэж л нэн шаардлагатай эмнүүд хэрэглэгчдэд хүрч, ажил жигдэрч эхэлсэн дээ.
-Шинжлэх ухаан, судалгааны салбарт маш их цаг, хөрөнгө зарж байж сая үр дүн гардаг гэдэг. Одоо танай Эм судлалын хүрээлэн ямар бүтээл дээр ажиллаж байна?
-Анхнаасаа манай байгууллага шинжлэх ухаанчаар ажиллаж ирсэн. Манай компанийн нисэх жигүүр бол шинжлэх ухаан. Манай компаний нэр ч тийм. “Монос” гэдэг товчхондоо монгол оюун санаа гэсэн үг. Мэдлэгтэй, шинжлэх ухаанаар жигүүрлэсэн, монгол хүний оюуны царааг таниулсан бүтээл хийх юмсан гэсэн зорилгоор байгуулсан. Манай компани 1990 онд байгуулагдахдаа л дэргэдээ зохион бүтээх тасагтай байсан. Өөрөө хэлбэл хүний хийж байгаа юмыг дууриахгүй, дандаа шинийг сэдэж, зохиож бүтээж явсан гэсэн үг. Манай анхны бүтээгдэхүүн болох “Булга” тос гэхэд л Төр хурахын аж ахуйн тэнд булганы аж ахуй байсан. Тэнд булгыг нядлаад арьсаар нь гоёл хийдэг, үлдсэн гулууз махны өөх тосыг нь авч хайлуулаад бүсгүйчүүдийнхээ нүүрний тосыг хийж байлаа. Эртний ном сударт булганы тос нүүрэнд сайн гэж бичсэн байдаг. Тиймээс ч бүсгүйчүүд нүүрээ арчилдаг байж. Энэ жорыг судлаад эмэгтэйчүүдийнхээ тосыг хийж байлаа. Бүр анхныхаа бүтээгдэхүүнээс эхлээд одоог хүртэл инновацийн гэдэг юм уу, хүний оюуны хөдөлмөр шингэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж байна л даа. Үүний үр дүн гарч эхэллээ.
Нэгдүгээрт монгол хүн зөвхөн түүхий эдээ л экспортолдог байсан бол жинхэнэ оюуны бүтээлээ экспортолж байна. Экспортлох экспортлохдоо эмээ ч гаргахгүй, судалгааныхаа материалыг өгөөд, технологио заагаад патентаа зарж байна гэсэн үг. Жинхэнэ оюуныхаа хөдөлмөрийг. Тэгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь ашиг хүртэж байна. ОХУ-д бүртгүүлэх гэж 6-7 жилийн хугацаа зарсан. Учир нь Монголд хийсэн туршилтыг оросууд хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийгээр өөрсдийнхөө лаборторид хийсэн ч ОУ-д магадлан итгэмжлэгдээгүй гээд. Хүн дээрх туршилтаа мөн улсынхаа хамгийн том эмнэлэг болох клиникийн 1-р эмнэлэг, Хавдар судлалын Үндэсний төв дээр хийсэн ч тухайн эмнэлгүүдийг ОУ-д магадлан итгэмжлэлгүй гээд хүлээн зөвшөөрөөгүй. Тийм газар Монголд байхгүй л дээ. Тэгээд “Уучлаарай, бид таны хүн дээрхи туршилтыг ахиад хийнэ” гэсээр байгаад 7 жил болж байж сая зөвшөөрч байгаа юм.
-Та сайн лекц уншдаг. “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануул” гэж Чингис хаан хэлсэн гэдэг шиг, таны тэр үгийг залууст өглөө бүр сануулмаар санагддаг. Тэр хэсгээсээ уншигчдад хэлж өгч болох уу?
-Өнөөдөр л таны агуу өдөр юм. Ямар нэгэн агуу үйлийг бүтээх өдрөө хүлээн суугаа бол тэр өдөр чинь өнөөдөр шүү. Яг одоо л хамгийн сайнаараа байгаарай. Бид бүгд адилхан суурьтай, ижил өгөгдөлтэй, ижилхэн л бие махбодь, яг адилхан 24 цагтай байдаг. Бие биеэсээ ялгарч чадах ганц зүйл бол сахилга юм. Найз чинь англи хэл сураад, чи сурахгүй байгаа бол таны сахилга бат дутжээ. Яг одоо байгаа боломж бүрийг боломжийнх нь хэрээр ашигла. Ирээгүй байгаа боломжийг үгүйлэн халаглаж суухын оронд одоо байгаа боломжоо чадлынхаа хэрээр ашиглаарай. Цагийг нь хүлээвэл хэзээ ч тэр цаг ирэхгүй. Турмаар байвал маргааш өглөө биш яг одоо л дасгалаа эхэл. Өдөрт өөртөө зориулаад ганц цаг гаргаж чадахгүй байгаад учир байна. Судалгаанаас харахад хүн өдөрт 4-5 цаг зурагт үздэг. Үүнээс нэг цагийг нь л сугалаад авчихад болж байгаа юм. “Би явж, Бээжин сууж байна” гэсэн үг бий. Бээжин эндээс 2500 орчим км. Хүн өдөрт 50 км алхах боломжтой. Тэгвэл 50 хоногийн дараа Бээжинд хүрэх нь байна. Тодорхой зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд тасралтгүй явах хэрэгтэй. Гэтэл нэг хэсэг нь тэвчээр алдаж, сахилга бат дутаад дундаас нь орхичихоод байгаа юм. Нөгөө хэсэгт нь зориг дутаад байна. Аливаа зүйлийг эхлэхэд хэцүү. Би өглөө болгон таван км гүйдэг. Ингэж сурсан мөртлөө эхний нэг км гүйхэд амьсгаадаад л, хөл, гар чилж, яваандаа гайгүй болдог.
Ээж минь надад залхуу болжморын тухай үлгэр ярьж өгдөг байлаа. Шөнө болохоор хүйтэнд бээрээд “Маргааш өглөө нар гарахаар дулаан үүр барина” гэж бодоод нар гарахаар л мартаад, шөнө нь даарахаараа өглөө болоосой гээд л. Тиймээс юмыг хойш нь тавилгүй хийж бай гэж залуустаа захидаг.
-Эм ашигтай бизнес гэж олон хүн хардаг шүү дээ. Монголын нөхцөлд эмийн бизнес эрхлэхэд ямар бэрхшээл гардаг вэ?
-Америк хүн жилд дунджаар 1000 орчим долларыг жороор олгодог эмэнд зарцуулдаг. Тэгтэл Монгол хүний хувьд жортой, жоргүй нийлээд жилийн эмийн хэрэглээндээ 25 доллар зарцуулж байна гэсэн судалгаа бий. Тэгсэн мөртлөө монголчуудын хэрэглэж байгаа эмийн тоо ширхэг нь олон байна. Дэлхийн дундаж ерөнхийдөө 170 орчим доллар. Америкчуудын хувьд өндөр үнэтэй эм хэрэглэдэг учраас ийм өндөр дүн гарч байна гэсэн үг. Үүний дараа Япончууд 800 орчим долларыг зарцуулдгаараа хоёрдугаарт бичигддэг. Тэгэхээр Монголд эмийн үнэ харьцангуй боломжийн гэж ойлгож болно.
Хамгийн гол асуудал нь хүмүүсийн сэтгэхүй. Дэлхийд жилд нэг хүн дунджаар 140-150 ам.долларыг эмэнд зарцуулж байна. Монголын эдийн засаг, хүн амын орлого бага нь үүнд нөлөөлдөг ч хэрэглэж буй эмийн тоо ширхгээрээ дэлхийн дунджаас илүү байгаа юм. Гэсэн хэдий ч хамгийн хямд үнэтэй, орчин үеийн биш, үйлдвэрлээд олон жил болсон, өвчний шалтгааныг биш, шинж тэмдгийг нь эмчилдэг эм хэрэглэж байна. Орчин үеийн шинэ эм хэрэглэх гэхээр үнэтэй гээд авдаггүй. Тэгсэн хэрнээ үнэтэй машин, гар утас, хувцас авахдаа гар татдаггүй. Эрүүл мэндээ хямдаар үнэлдэг нь сэтгэхүйтэй холбоотой. Хүнд өвчин тусахаараа байгаа бүхнээ зарцуулдаг. Урьдчилан сэргийлэхдээ тааруу. Гэхдээ сүүлийн үед залуус Богд уул руу хэдэн зуугаараа алхаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйж, фитнессээр хичээллэж байгааг хараад баярладаг юм.
-Манайд борлуулж буй эмийн 60 орчим хувь нь үйлчилгээ муутай гэж ДЭМБ-ын тайланд дурдсан байна. Манай улс эмийнхээ хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?
-Би эм зүйн байгууллагуудын “Эм” холбооны ерөнхийлөгчөөр 19 жил ажилласан, одоо хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хуурамч эм хулгайгаар оруулж, орон нутаг, зах дээр зарах нь бий. Гэхдээ энэ нь эмийн борлуулалтын 5-10 хувиас хэтэрдэггүй. Гол нь хугацаа дууссан, үйлдвэрлээд олон жил болсон хямд эм манай зах зээлд их байна. Гэхдээ дэлхийн эмийн шилдэг 20 компанийн 12-ынх нь эмийг Монголд худалдаж байгаа. Гэвч маш цөөн тоогоор зарагддаг. Хямд эм эрэлттэй учраас эмийн сангууд үнэ багатайг нь оруулж ирээд байна. Тиймээс үйлчилгээ муутай гэсэн дүгнэлтэд хүргэсэн байх.
Манай улс хэрэглэж буй эмийнхээ 24 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Цөөн хүн амд зориулж эм үйлдвэрлэхээр ашиг гардаггүй. Сонгодог үйлдвэрийн зах зээлийн жишигт аливаа үйлдвэрлэлийн хамгийн бага зах зээл 10 саяас доошгүй байх ёстой гэж үздэг. Гэтэл бид гурван сая хүнд зориулж эм үйлдвэрлэж байгаа шүү дээ. Нэг төрлийн эмийг маш цөөхнөөр үйлдвэрлэхээр өртөг өндөр учраас эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэтэй байдаг юм. Эм өдөр тутмын хэрэглээ биш учраас эмийн үйлдвэр чанараа сайжруулж, өндөр ашигтай ажиллая гэвэл олон улсын зах зээлд гарах ёстой. Тиймээс “Монос” үйлдвэр 10 орчим сая ам.доллар зарцуулж, олон улсын GMP стандарт хангасан үйлдвэр байгууллаа. Эндээс гарч буй бүтээгдэхүүн дотоодын бусад үйлдвэрийнхээс хоёр дахин үнэтэй. Яагаад гэхээр орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатори ашигласан, хяналтын олон дамжлагатай. Тиймээс “Монос”-оос гарч буй бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон үйлдвэрийн эмийн чанар, үнэтэй ойролцоо болж байгаа юм.
-Та Монголд хамгийн олон буюу 54 патент эзэмшдэг юм билээ. Шинэ эм, бэлдмэл бүтээх санаагаа хэрхэн олдог юм бэ?
-“Биомон”, “Биоген”, “Марал” гээд гоо сайхан, “Цэнэг”, “Энхжин” цай гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Читамон”, “Эрвалкор”, “Тонзилмон” зэрэг шинэ эмийн, зарим эмийн ургамал тарималжуулах аргачлал зэрэг 54 патент эзэмшиж байна. Мөн эмийн ургамал тарималжуулах станцдаа 100 гаруй ургамал нутагшуулсан, өөрөөр хэлбэл эмийн ургамлын амьд цуглуулга, ховор ургамлын генофондыг хамгаалж байна гэсэн үг юм даа. Эм судлалын хүрээлэнгийн дэргэдэх эмийн ургамал тарималжуулах станцад 17 жил зүтгэсний эцэст манай оронд ховорт тооцогддог, гадаад, дотоодод их хэрэгцээтэй хунчир, алтан гагнуурыг тарималжуулчихлаа. Зэрлэг ургамлыг тарималжуулахад ийм их хөдөлмөр ордог юм байна. Мэдсэн бол эхлэх байсан уу, үгүй юү гэдэг сонин.
Уламжлалт анагаах ухаан гэж мэдлэгийн их суурь байна. Хүмүүс ардын эмнэлэгтэй андуурдаг. Монголын уламжлалт анагаах ухаан Төвдөөс уламжлалтай, маш гүн гүнзгий онолтой шинжлэх ухаан. Олон мянган жорын нэг хэсгийг нь судалж байна.
Саяхан Японд явж байхад банаба гэдэг ургамал болон газрын лийрийг нийлүүлэн чихрийн шижингийн зовиурыг бууруулдаг эм бүтээсэн байна лээ. Бид газрын лийрийг гадаадаас авчирч тарималжуулсан. Харин Малайзад банаба их ургадаг юм байна. Тэндээс түүхий эдээ авчихаж болох юм. Ингээд монголчуудын түгээмэл хэрэглэдэг цусан дахь сахар, холестрол багасгах ургамлыг нэмчихвэл япончуудаас илүү эм бүтээж болох юм байна гэж бодсон. Энэ мэтээр бусдаас санаа авна, ном, интернэттэй их нөхөрлөнө. Хөдөө явахдаа эртний ургамал, ногоо сонирхдог хүмүүстэй уулзаж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд жилдээ хэд хэдэн удаа сууж байна. Тэр бүхнээс шинэ эм бүтээх санаа төрдөг юм.
-Манай улсад эмийн ургамлын нөөц хэр хангалттай вэ. Шинэ эм бүтээх гэхээр түүхий эд олдохгүй тохиолдол гарах уу?
-Гарна аа. Жишээлбэл, нарийн навчит цахилдаг гээд “Нефромон” эмийн найрлагад багтсан, Монголын говьд ургадаг нөөц маш багатай ургамал байна. Оросууд “Нефромон”-ыг 300 мянга биш, гурван сая хэрэгтэй гээд байгаа. Гэвч надад байгаа түүхий эд нь жилд 300 мянгаас илүү үйлдвэрлэх боломжгүй. 2005 оноос хойш энэ ургамлыг тарималжуулах гээд ноцолдож байна. 2-3 жил нөөцийг нь судалж, экспедиц гаргасан. Нутгийн хүн нь “Энэ жил гантай болохоор гараагүй, уг нь энэ хавьд багагүй байдаг” гэхээр нь дараа жилийг хүлээж байгаа юм. Говийн ургамлын нөөцийг 2-3 жил явж байж тогтоодог юм билээ. Дараа нь уг ургамлыг эсийн өсгөврийн аргаар тарималжуулахаар эрдэмтэдтэй хамтран ажиллалаа. Бас сайн үр дүн гараагүй л байна. Надад нэгэн настай хүн “Мөхөж байгаа ургамлаар битгий оролдоорой. Говийн зарим ургамал дэлхийн хамгийн өндөр настай ургамлын тоонд ордог юм. Амьдралын мөчлөгөөр мөхөж, сөнөж байгаа ургамлыг тарималжуулахад хэцүү” гэхэд “Би заавал ургуулна, болохгүй бол мутацид оруулаад, лазерын туяагаар шарж, генийн санг нь өөрчлөөд гаргаж авна” гэж байсан. Заримдаа тэр хүний үгийг сонсохгүй яав даа гэж боддог юм. Энэ ургамлыг тарималжуулахын тулд би амьдралынхаа 12 жилийг зориуллаа шүү дээ. Тэгээд ч үр дүн нь тодорхойгүй байна.
-Та эмийн ургамал экспортолдог уу?
-“Монос” групп байгуулагдсанаас хойш гадны олон пүүс компанийн төлөөллүүд эм экспортлооч гэж уулзсан. Тэр болгонд би харамладаг. Манай орон эмийн ургамлын нөөц багатай, хоёрт цөлжилт ихтэй учраас ургамал цөөрч байгаа. Тэгээд ч түүхий эд гаргаад хөгжсөн улс дэлхийд байдаггүй. Манайх 70-80 жил Орос руу түүхий эд гаргасан, одоо сүүлийн 20 жил урагшаа хятад руу түүхий эдээ зөөлөө, бид ядуу буурай хэвээрээ л байна. Товчхондоо Монгол Улс өндөр технологи ашигласан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л хөгжинө. Иймээс нэг ч грамм эмийн ургамал гадаадад гаргаагүй, үүгээрээ ч бахархдаг. Манайх үйлдвэрлэсэн эм бүтээгдэхүүндээ Читамон, Салимон, Нефромон, Биомон гээд Мон гэсэн үг оруулдаг нь Монголоо, Монос компанийнхаа нэрийг “шингээж” оруулж байгаа юм.
-Манайхан өвдөхөөрөө өөрөө дур мэдэн эмчийн жоргүй аптекаас эм авдаг. “Монос”-ын эмийн сангууд мэргэжлийн зөвлөгөө өгч чаддаг санагдсан?
-Манайх эмийн зохисгүй хэрэглээнээс урьдчилан сэргийлэх үүднээс фарммаркетыг нээн ажиллуулдаг. Өөрөө өөртөө үйлчилдэг энэ дэлгүүрт маань жороор авах эмнүүдийг жортой эмийн тасагт байрлуулж, эмчийн жорын дагуу олгодог. Манай томоохон эмийн сангуудад эмч нар бий, жижиг эмийн сангуудад эм зүйч ажилладаг болохоор иргэд газар дээр нь эмийн зөвлөгөө авах боломжтой. Олон салбар эмийн сан нийслэлд бий. Монголд орчин үеийн, загвар эмийн сан бий болгоё гэж зорьсон. Манай эмийн сангууд дотроо гоо сайхан, эрүүл хүнс, хүүхэд болон өвчтөн асрах барааны тасагтай, эмнэлгийн жижиг хэрэгслийн тасаг хүртэл байгаа. Эдгээр аптекууд “Бүхнийг нэг дороос” гэсэн уриатай. Мөн жижиг аптекууддаа мэргэжлийн эмч ажиллуулах зорилготой байгаа. Ерээд онд манайх аптекгүй, яг л нөгөө спирт зардаг хүмүүс шиг захаар явдаг байлаа. Лангуу, аптек байхгүй, манайхан зах дээр эмээ зарж яваад цагдаад хүртэл баригдаж байлаа. Эмийн үйлдвэр аптектэй байх ёстой, энэ дагуу ажилладаг.
– Ингэхэд та аль нутгийнх юм бэ?
-Ээж минь намайг оюутан байхдаа хотод төрүүлсэн юм. Харин аав минь Хөвсгөлийнх, ээж Ховдынх. Найзууд маань намайг Улаанбаатарынх гэдэг. Аав минь зургаан хүүхдээ дагуулаад эх орны хэрэгцээт газарт ажиллана гээд Ховд, Дундговь, Сэлэнгэ зэрэг томилсон газар руу нь явдаг байлаа. Дундговьд би наймдугаар ангиа төгссөн болохоор зарим нөхөд минь Дундговийнх гэдэг юм. Би олон нутагтай, олон сайхан нөхөдтэй, сайн хамт олонтой, сайхан хань, аав ээжтэй их азтай хүн шүү дээ.
-Таны аав Лувсан гуай Төрийн шагналд нэр дэвшиж явсан. Та аавынхаа авч чадаагүй шагналыг авч, Төрийн соёрхол хүртжээ. Та болон “Монос” групп хувийн хэвшлийн анхны эмийн үйлдвэр, анхны эмийн сан, анхны фарммаркет, анхны эм ханган нийлүүлэх байгуулага, анхны магадлан итгэмжлэгдсэн лаборатори, анхны эрдэм шинжилгээний хүрээлэн, анхны Эмзүйн коллежи, дээд сургууль, анхны Эм зүйн шинжлэх ухааны сургууль, анхны эм судлалын хүрээлэн байгуулжээ. Их бахархана биз?
-Аав минь малын эмч хүн л дээ. Малын халдварт өвчний эсрэг олон шинэ вакцин зохион бүтээж, үүгээрээ Төрийн шагналд нэр дэвшиж явсан буянтай буурай. Би эцэг эхээс зургуулаа. Архитекторч хоёр дүүгээс бусад нь манайхан эмч, эм зүйч, биологич. Өөрийнх нь үйл хэрэг, ажил үйлсийг амжилттай үргэлжлүүлж яваа хүүхдүүдээрээ аав минь бахархдаг байсан шүү. Энэ бүхэн манай “Монос”-ын хамтын бүтээл, бахархаад бахархаад баршгүй үнэт баялаг юм даа.
Энэ эрхэм өөрөө баялаг бүтээгчийнхээ хувьд ч оюуны их хөдөлмөрийнхөө хувьд ч үнэтээс үнэт хүмүүн баялаг буюу
2018 оны 3-р сар

Ярилцсан: Ч.Өлзийдэлгэр