//БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа

БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 06-ны өдөр теле хичээлийг бичих явцтай танилцлаа. Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулж байна. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргээд байна.

Теле хичээл бэлтгэхэд 173 багш, 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, 18 телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг 300 гаруй ажилтан, нийт 600 орчим хүн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй, IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд 2020 оны 6 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл явагдана.