//“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Байнгын хороодын дарга нарт танилцуулав

“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Байнгын хороодын дарга нарт танилцуулав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” Монгол Улсын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг өнөөдөр Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нарт танилцууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Их Хурлын Байнгын хороодын дарга нар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон ажлын хэсгийнхэн байлцав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Тодруулбал:

-Үндэсний нэгдмэл үнэт зүйл – “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,

-Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,

– Амьдралын чанар ба дундаж давхарга – “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,

– Эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,

– Сайн засаглал – “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,

-Ногоон хөгжил – “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,

– Амар тайван, аюулгүй нийгэм – “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,

-Бүсчилсэн хөгжил – “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,

-Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ” хэмээн тодорхойлсон байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ. Монгол Улсыг 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох энэхүү баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажиллажээ.