//Бямбаагийн Мөнхдэлгэр: Мэргэжлээ нийгэмд нэр хүндтэй байлгахыг хичээж ажилладаг

Бямбаагийн Мөнхдэлгэр: Мэргэжлээ нийгэмд нэр хүндтэй байлгахыг хичээж ажилладаг

Дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, зөв зарчмаар бизнесээ урагшлуулахыг эрмэлзэгч тэд ОУ-ын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог өөрийн компани дээр хэрэгжүүлэх ажлыг жилийн өмнөөс эхэлжээ. ISO 9001:2015 сертификатыг Канад улсын PECB байгууллагаас саяхан авсан байна. Эм хангамжийн салбарын хувьд ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлсэн анхны байгууллага болж, ОУ-ын байгууллагаар итгэмжлүүлсэн явдал тус компанийн чансааг илтгэх болов уу. “Омбол” ХХК-ийн захирал Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

БИОЛОГИ, ХИМИЙН ХИЧЭЭЛД ДУРТАЙ БАЙВ

-Эм хангамжийн салбарт ажиллах суурь нь хаана тавигдсан бэ?
-Миний үндсэн мэргэжил эм зүйч учраас мэргэжлийнхээ ажлыг эрхэлж эм хангамжийн салбарт ажиллаж байна. Эм зүйч болох маань манай гэр бүлээс эхлэлтэй. Манай аав Бямбаа, ээж Цэрэннадмид хоёр хоёулаа эмч хүмүүс. Эгч Төмөрбат ч бас эмч. Намайг оюутан байх үед аав эм хангамжийн салбарт ажиллаж байсан учраас эм зүйч болсон. Хүүхэд байхад аав Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, ээж Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын эмчээр ажиллаж байсан. Ээж аав хоёр өдөр, шөнөгүй дуудлаганд явж жижүүртэй хононо. Зуны амралтаар намайг сумдын үзлэгт дагуулж явдаг байсан. Тэд гэртээ ч ажлынхаа талаар ярьдаг учраас багаас чихэнд эм, эмнэлэг, эрүүл мэндийн тухай ойлголт хоногшчихсон.
-Тэгэхээр та Говь-Алтайд төрж өссөн байх нь ээ?
-Говь-Алтай аймагт төрөөд, намайг найман нас хүртэл манайх тэнд байсан. Анагаахын сургууль төгсөөд хаана л томилогдоно тийшээгээ л явдаг байсан гэж аав ярьдаг.Аймгийн төв нь жижигхэн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд цөөхөн албан байгууллага, хэдэн байшин, ганц урт гудамжтай байлаа. Ээж, аав ажлаасаа тараад л цэцэрлэгээс охидуудаа аваад харина. Намайг гуравдугаар ангид ордог жил буюу 90-ээд оны эхээр аав Эрүүл мэндийн яамны дэд сайдаар томилогдож хот руу нүүж ирсэн. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар Нямдаваа гуай ажиллаж байлаа. Аав орон нутагт олон жил удирдах ажил хийсэн,бас хөдөө орон нутагтаа докторын зэрэг хамгаалчихсан, чадварлаг, туршлагатай боловсон хүчин болохоор хариуцлагатай албанд томилсон байх гэж боддог.
-Шинэ ангидаа дасахад бэрхшээл байв уу. Ямар хичээл таны сонирхлыг татдаг байсан бэ?
-Хотод нүүж ирээд 11-р хороололд манайх суурьшиж, эгч бид хоёрыг хоёрдугаар дунд сургуульд сургалаа. Ээж маань монголын уламжлалт эмчилгээгээр гүнзгийрүүлж сураад ”Ардын эмнэлэгийн хүрээлэн”-д ажилласан.Хүүхэд байсан болохоор гүйгээд л хичээлдээ орчихно. Анги удирдсан багш маань Намнангарав гээд орос хэлний багш учраас бид орос хэл түлхүү үзэж гэдэг анги байсан. Хожим наймдугаар ангидаа Өсвөрийн зохион бүтээгчидийн төв сургуулийн химийн гүнзгийрүүлсэн ангид шалгалт өгөөд орсон. Тэр ангийн маань багшийг Надмид гэдэг. Гэрт байнга л анатоми эмчилгээ эмнэлгийн талаар яриа өрнөнө.Эгч маань Анагаахын оюутан болоод л зузаан зузаан ном толгойн араг яс бариад л ирдэг байсан болохоор зургуудыг нь үзээд их л сонирхоно.Ингээд л биологи, байгаль шинжлэл, химийн хичээлд дуртай болсон.Миний сонирхдог зүйл гэвэл спорт. 2-р сургуульд байхдаа Отгонцэцэг багштай охидын сагсны шигшээ багт тоглоод Улсын аваргын хүрэл медаль, хот дүүргийн аварга болж байсан.Хожим Анагаахад оюутны багт тоглодог байсан.
-Ээж, аав нь эмч байхад эм зүйн анги сонгодог нь ямар учиртай вэ?
-1997 онд аав “Монгол эм импекс” концерн гэх Монгол улсын эм хангамжийг хариуцдаг Төрийн өмчит компанийн захирлаар томилогдож, тэнд 10 гаруй жил ажилласан. Шүдний эмч болно гэж боддог байсан ч аав “Эм зүйч бол их сайхан мэргэжил. Гэрт гурван эмч хүн байна. Тиймээс би чамайг эм зүйч болоосой гэж бодож байна” гэлээ. Өвчтөнийг эмээр л эдгээдэг учраас их чухал мэргэжил гэж ойлгуулсан.
-Одоо бол энэ сонголтондоо баяртай байдаг уу?
-Мэдээж, баяртай байлгүй яахав. Мэргэжилдээ дуртай. Энэ мэргэжлийг нэр хүндтэй, нийгэмд хэрэгцээтэй байлгахын төлөө хичээж ажиллаж байгаа.
-Хүний оюутан ахуйн төлөвшил ирээдүйд нь их нөлөөлдөг. Анагаахдаа хэрхэн суралцсан бэ?
-1997 онд сургуульд ороод 2002 онд төгссөн. Эхний хоёр жил анагаахын хичээлүүдийг нэлээн шахуу үзсэн. Гуравдугаар курсээсээ эм зүйн тэнхим дээр очоод мэргэжлийн хичээлүүд үзэж эхэлсэн нь илүү сонирхолтой. 2002 онд онцгойлох буюу улаан дипломтой төгсөж байсан. Анагаахын захиргааны давхарт хүндэтгэлийн самбарт үе үеийн онц дүнтэй төгссөн оюутнуудын жагсаалт байдаг. Тэнд Рагчаагийн Бямбаа, Хүрлээгийн Цэрэннадмид,Бямбаагийн Төмөрбат, Бямбаагийн Мөнхдэлгэр гээд манай гэр бүлийнхэний маань нэр бүгдээрээ байгааг харж, аав ээжийнхээ үргэлжлэл гэдгээрээ бахархах үнэхээр сайхан санагдсан.
-Сургуулиа төгсөөд гүнзгийрүүлсэн үү.Эсвэл шууд мэргэжлээрээ ажилласан уу?
-Онцгойлох дипломтой төгссөн учраас сургуулиас “Багшлах уу” гэдэг санал тавьсан. Есдүгээр сараас сургуульдаа туслах багшаар хагас жил ажиллаад, нэгэнт баклаврын зэргээ хамгаалсан юм чинь цаашид сурах ёстой юм байна гэж бодоод Англид суралцаж, 2005 онд бизнесийн удирдлагын магистар цолтой төгсөж ирсэн. Эм талаа мэдэх учир менежмент, удирдлага талаа хослуулах хэрэгтэй гэдэг үүднээс удирдлагаар сурсан юм.
-Ирээд бизнесээ эхлүүлсэн үү?
-Монголдоо ирэхэд “Монгол эм импекс” концерн хувьчлагдсан. Аав маань “Ямар ч байсан эм ханган нийлүүлэх компани байгуулж ажиллая. Чи төгсөөд ирлээ. Цаашид авч явах ёстой” гээд энэ “Омбол” ХХК-г 2004 онд үүсгэн байгуулсан байснаа надад даатгасан.
-Чадварлаг боловсон хүчин их чухал. Аав нь энэ компаниа байгуулахдаа итгэл дүүрэн байсан байхдаа. Учир нь охин нь эм зүйч дээрээс нь бизнес удирдлагаар суралцсан?
-Өөрийгөө сорьж үзье, хийж үзье гэж шийдээд,Энэтхэгийн Shreya Life Sciences компанитай гэрээ байгуулан, тэдний эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээд ажиллаж эхэлсэн.

ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭСРЭГ 2015 ОНД ҮСРЭНГҮЙ АЛХАМ ХИЙСЭН

-Омбол гэж ямар утгатай нэр вэ?
-Омбол гэдэг нь эртний монгол үг. Өвөр Монголчууд их хэрэглэдэг. Зээ хүүг үндсэндээ омбол хүү гэдэг.Аавыг маань Өвөр Монголд явж байгаад“Би зээтэй болсон” гэхэд найзууд нь “Омболтой болсонд баяр хүргэе” гэж хэлж байсан. Тухайн үед эгчийн том хүү төрсөн юм. Аав маань өхөөрдөөд, миний омбол хүү гэж нэрлэсэн. Нэр ч Омбол гэж дуудсаар Шагдарсүрэн гээд нэр нь бүр мартагдсан. \инээв.сур\ Тэгээд компаний нэр авахдаа цаасан дээр баахан нэр бичээд очиход нь, нэр давхцаад байхаар нь “Омбол” гээд нэр өгчихсөн нь энэ.
-Бизнес удирдана гэснээс сурснаас амьдрал дээр арай л өөр байдгаа биздээ?
-Эхлэхэд амар байгаагүй. Эмийг яаж бүртгүүлэх вэ, материалаа хэрхэн цуглуулах вэ, ямар бүтэцтэй ажиллах вэ гэсэн асуудлууд тулгарна. Байр түрээсэлж, яг стандартын дагуу байршуулаад, ажилтнуудаа авахаас өгсүүлээд компанийн ажил өрнөж эхэлсэн. Аав бас гэр бүлийн маань туслалцаа дэмжлэг, зөвлөгөө их дэм болсон доо.
-Анх Энэтхэг компанитай хамтарсан гэлээ. Мөн бусад улс оронтой ч харьцах шаардлага нэмэгдсэн үү?
-Энэтхэг орон бол дэлхийд хамгийн олон эмийн үйлдвэртэй улсын нэг.Үйл ажиллагаагаа өргөжүүлээд Оросын компаниудтай гэрээлж, Герман, Америк гээд харилцагчийн тоогоо олшруулсаар одоо олон ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч компаниудын Монгол дахь дистрибютер болсон.
-Одоо “Омбол” хэдэн салбартай вэ. Үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт орсон уу?
-“Омбол”- ын хувьд эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, имплант протез зэргийг ханган нийлүүлдэг болсон.Тоног төхөөрөмж, хэрэгслийн хувьд олон улсын чанарын шаардлага хангасан хэрэгсэл тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам, эмнэлэгүүдийн зарлагдсан тендерүүдийн дагуу оруулж ирдэг. Орон нутагт 1 ханган нийлүүлэхийн салбартай.
-Арав гаруй жил болсон компаниуд хэрэглэгчдээ хэрхэн татах арга барилаа олчихсон, найдвартай гэдэг итгэлцэл дээр оршин тогтноод байгаа нь анзаарагддаг. Таны бизнестээ баримталдаг гол зарчим юу вэ?
-Манай компаний уриа гэвэл “Зөвийг эрхэмлэе”. Шудрага, ёс зүйтэй, хэн нэгнийг хуурахгүй, худлаа ярихгүй байх гэсэн үндсэн зарчмуудаа баримтладаг. Энэ манай гэр бүлийн мөн үнэ цэнэ гэж хэлж болно.
-Элэгний өвчлөлийн эсрэг төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Тэр тухайгаа дэлгэрүүлээч?
-Вируст гепатит буюу элэгний өвчлөл монголд хамгийн өндөр тархалттай, элэгний хавдраар өвчлөгсөдийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ороод явж байна.. Би элэгний вирустэй гээд яваад байдаг.Эмчилгээ хийлгэдэггүй. Хүндрэх тусам эмчилгээний өртөг өндөр болдог. Элэгний хатуурал нь хавдар болох амь насанд аюултай. Энэ л тулгамдсан асуудал. Иймд 2000 оноос Болгар улсаас элэгний үйл ажиллагаа дэмжих үйлчилгээтэй Карсил эм, 2003 онд элэг хоргүйжүүлэх фермент глютатон буюу Лутасан эмийг Японы технологиор Хятадад үйлдвэрлэдэг үйлдвэртэй зөвшилцөж, Монгол улсад анх оруулж ирээд өөр ямар боломж бололцоо байна гээд хайж байсан.
2013 оноос эхлээд вирүсийн эсрэг эмүүдээрээ дэлхийд тэргүүлдэг Америкийн “Гилеад Сайнсис” компанитай холбогдох арга замыг эрэлхийлсэн. Энэхүү компани биотехнологийн дэвшилийн ашиглан ДОХ болон Элэгний В вирусийн эмчилгээнд хэрэглэдэг маш өндөр үр дүнтэй эмүүдийг гаргасан. 2013 оны 12 сард C вирусийг бүрэн эдгээдэг Совалди эмийг анх удаа бүтээн 2015 онд илүү сайжруулсан 2 эмийн нийлбэр Харвони эмийг бас гаргасан байсан. Нэлээд хүчин чармайлт гаргасны эцэст 2014 онд Монгол улсад энэхүү компанийн эмүүдийг оруулах эрхээ авсан. Дистрибютер сонгох үйл ажиллагааг энэхүү компани маань бараг бүтэн жил хийсэн.”Омбол” үндсэндээ ёс зүйтэй компани байсан учир сонгогдсон байх.
2014 онд B вирүсийн эсрэг Виреад эмийг 2015 оны 5 сард C вирусыг устгадаг Совалди болон Харвони эмийг Монгол улсын эмийн бүртгэлд их л адал явдалтай бүртгүүлсэн дээ. Виреад буюу Тенофовир эмийг Харвони буюу C вирусийг бүрэн устгаж байгаа эм 2015 оны 12 сард анх оруулж ирлээ.
Зарим хүмүүс биднийг өндөр үнэтэй эм зарж их ашиг олоод байна гэж их харддаг юм. “Гилеад” компаний “Хүртээмж” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах нь эм зарж, ашиг олдоггүй харин сайн чанартай, өндөр үйлчилгээтэй, өндөр үнэтэй эмийг ядуу буурай орны аль болох олон хүнд хүргэх зорилготой байдаг. Энэ бол Гилеад компаний Хүртээмж хөтөлбөрийн зорилго тул түүнийг нь хэрэгжүүлэн ажиллах чадавхи бүхий компанийг л дистрибютерээрээ сонгодог тул энэ нь бидэнд нэр төрийн хэрэг төдийгүй олон элэг нэгтнээ эмээр хангах буянтай ажил байлаа. Хүртээмж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө цөөн тооны боломжтой хүмүүс л гадаад явж өндөр үнэтэй эмчилгээнд хамрагддаг байсан. Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг илүү бууруулахын тулд “Гилеад” компани Харвони эмийн лицензийг Энэтхэгийн 11 үйлдвэрт өгсөнөөр ерөнхий нэршлийн эмүүд хямд үнэтэйгээр манай улсад нийлүүлэгдэж байна. Дистриютер учраас бид оригнал Харвони болон ерөнхий нэршлийн эмүүдийг хамтад нь түгээдэг.
Хүртээмж хөтөлбөр нь зөвхөн эм түгээдэг төдийгүй тухайн улс орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулан, шинэ технологийг нэвтрүүлдэгээрээ онцлог юм. Гадаадад л байдаг юм гэнэлээ гэсэн байдалтай байсан бидний хувьд эм нь гар дээр ирсэн тул эмч нараа сургах, бэлтгэх шаардлага аргагүй гарч ирсэн. 2015, 2016 онуудад эхний удаагийн сургалтуудыг Вируст гепатитын оношлогоо эмчилгээ сэдвээр өндөр хөгжилтэй улс орнуудын томоохон их дээд сургуулийн эмнэлгийн эрдэмтэн, профессоруудаар хотын болон орон нутгийн 120 гаруй эмчид хичээл заалгасан. Италийн эрдэмтэн доктор Марио Ризето, Станфордын их сургууль эрдэмтэн Минди Х.Нгуеэн, Рей Ким, Английн Лондонгийн Эзэн Хааны сургуулийн профессор Жефри Душейко гээд 10 гаруй эрдэмтдийг нэрлэж болно. Манай эмч нар Д вирүсийг нээсэн эрдэмтэн доктор Марио Ризето профессортой уулзаж, хичээл заалгана гэдэг нэр төрийн хэрэг шүү хэмээн ихэд баяртай байсан. Манай компаний одоогийн байдлаар давхардсан тоогоор 1200 гаруй эмч эмнэлгийн ажилтныг олон улсын болон үндэсний хэмжээний сургалтанд хамруулж, 30 эмчийг олон улсын Элэгний эмч мэргэжилтнүүдийн хуралд ивээн тэтгэн явуулсан байна. Сар бүр эмч нарын дунд тохиолдол хэлэлцүүлэг хийдэг.
Шинэ эм бий болсон тул 2015 онд Эрүүл мэндийн яам В,С вирусын оношлогоо, эмчилгээний удирдамжаа орчин үеийн нотолгоонд суурилсан мэдээлэл агуулсан байдлаар шинэчлэн гаргасан. Удирдамж шинэчлэгдсэнийг даган лабораториудын маань чадавхи ч сайжран, нарийн шинжилгээнүүдийг хийдэг болсон. Үндсэндээ вирүст гепатитын эмчилгээний хувьд 2015 онд Монгол улс үсрэнгүй алхам хийсэн. Энэ үсрэнгүй алхам хийхэд “Омболынхон” оролцож, нэлээд ажилд тус нэмрээ оруулсан гээд бид ихэд сэтгэл хангалуун байдаг.
-Энэ дэвшил шүү. Интерферон гээд эмний тухай сонсч байлаа?
-С вирусийн эмчилгээнд сүүлийн 10 жилд Интерферон гэдэг тариаг хэрэглэдэг. Интерферон нь өндөр үнэтэй долоо хоногт нэг удаа хэрэглэхэд 450 мянгын төгрөг. Курсээр хэрэглэхэд 10 сая орчим болдог. Эмчилгээний үр дүн нь эдгэрэх магадлал 50 хувь, гаж нөлөө ихтэй. Үс унана, бөөлжинө, дотор муухай оргино, халуурна, их сульдаж ядардаг.
Харвони яагаад үсрэнгүй гарч ирсэн бэ гэхээр С вирусийг 98 хувьтай устгадаг, үр дүнтэй, гаж нөлөө багатай, вирүст шууд үйлчлээд устгадаг гэдгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Харвонигийн гурван сарын хэрэглээ 95 мянган ам.долларын үнэтэй. Шинэ гарсан эмнүүд өндөр өртөгтэй гарахаар баян орны хэрэглэгчид авч хэрэглээд болоод байдаг, ядуу орны иргэд нөгөөхийг авч дийлэхгүй. Дэлхийн банкны орлогын түвшнээр нь ангилснаар ядуу болон буурай орнуудад “Гилеад” компани Хүртээмж хөтөлбөрөө хэрэгжүүлэн 96 мянган долларын үнэтэй эмийг маш хямдаар нийлүүлдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол хүн гурван сарын хэрэглээний эмээ 1200 доллараар авч, С вирусыг устгах боломжтой болсон.
Харвони эмийн хувьд өөр ямар ч улсад ийм хямд нийлүүлэгдээгүй. 2017 оны 9 сард 900 доллор болгон мөн бууруулсан. Манайх ядуугаасаа гадна С вирүсийн тархалт өндөртэй. Шинэ гарсан эмний хувьд үйлдвэрлэснээс таван жилийн дараа бусад үйлдвэрт үйлдвэрлэх эрхийг нь өгдөг. Гэтэл тус компани Энэтхэгийн 11 компанид эмээ үйлдвэрлэх эрх болон патентаа өгсөн. 2016 оноос Энэтхэгийн дөрвөн үйлдвэрийг монгол улс бүртгээд, Харвонитай ижил найрлагатай, ерөнхий нэршилтэй дөрвөн эмийг бүртгэсэн. Манай компани Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрийн ерөнхий нэршлийн Хепсинат ЛП эмийн бас бүртгүүлэн иргэдэд хүртээмжтэй байх сонголт хийх боломжийг бий болгохоор ажилласан. 2020 он гэхэд С вирусийг бүрэн устгах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр одоо хэрэгжээд явж байна.Энэ том хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаадаа бахархдаг.


-Энэ хөтөлбөрт иргэд өөрсдөө идэвхитэй хамрагдах нь хэр байна?
-Иргэд өрхийн эмнэлэг дээр очиж илрүүлэг шинжилгээ хийлгээд С,В вирустэй гэвэл тоолуулах шинжилгээнд орж эмчилгээнд хамрагдах шаардлагатай эсэхийг тогтооно.С вирүсийн ачаалал тоолох шинжилгээ 80- 120 мянган төгрөгийн үнэтэй байдаг.Үүнийг Эрүүл мэндийн даатгалаас бүрэн хөнгөлж өгсөн.С вирүсийн эмчилгээний эмүүдийн 210 мянган төгрөгөөр даатгалын хөнгөлөлтөнд хамруулсан.Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгал төлсөн л бол бараг өвчтөнөөс мөнгө гарахгүйгээр С вирүсээс салах боломж бүрдсэн. Бид өөрсдөө идэвхитэй оролцох хэрэгтэй.
Нийт орон даяар эмийн хангамжийг сайжруулахаас гадна сүүлийн 2 жилийн хугацаанд нэлээд хэдэн жижиг төслүүдийг хэрэгжүүллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг с вирүсийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах, JCI Лидэр ТББ тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг С вирүсийн шинжилгээ эмчилгээнд хамруулах, В вирүсийн вакцин хийлгэх LIVE+R төсөл, Архангай, Булган, Говьсүмбэр зэрэг аймгуудад эмчилгээнд бүрэн хамруулан С вирүсийг тухайн орон нутагт устгах төслүүдийг хэрэгжүүлээд байна. Одоогоор 6000 орчим хүн дээрхи төслүүдэд хамрагдсан байна.
-Одоогоор нийт хэдэн хүн С вирүсийн эмчилгээнд хамрагдсан бэ?
-Манайхаас гадна “Ази фарм”, “Монос фарм” трэйд, “Монголэмимпекс” компаниуд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн ерөнхий нэршлийн С вирусийн эм оруулж ирж байна. 20-иод мянган хүн С вирусийн халдвараас ангижирсан гэсэн тоо баримт гарсан байдаг.
-Тоног төхөөрөмжийн хувьд…?
-В,С вирусийн болон олон халдварууд голдуу цусаар дамждаг. Эмнэлэгийн халдвар ариутгал муугаас болж халдвар авах тохиолдол их. Халдвар, ариутгал, мэс заслын багаж хэрэгсэлийн ариутгал сайн байвал халдвар авахгүй. Иймд эмнэлэгийн ариутгалын тоног төхөөрөмж оруулж ирэх тал дээр илүү их ажилладаг. Сүүлийн үеийн дуран зэрэг оптик багажийг ариутгадаг Газплазмын ариутгалыг оруулж ирсэн юм. Хавдар судлал, Улсын төв гуравдугаар эмнэлэг дээр Газплазмын машиныг суурилуулсан.Хийн ариутгалыг эмнэлэгүүд түлхүү хэрэглээсэй гэсэн үүднээс бид оруулж ирж байна. Мөн ариутгалтай холбоотой зүйлсийг нь оруулж ирж хэвшлээ.Вирус устгахад ариутгал халдваргүйжүүлэлт ариутгал их чухал.
-Эмийн сангуудыг хамтран ажиллах нэгдэх ажлыг зохион байгуулж байгаа тань шинэлэг санагдсан шүү?
-Би өөрөө менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан хүн. Одоо докторантурт сурч байгаа.Өөр хоорондоо өрсөлдөөд, хөгжихийн оронд тамын тогоонд унадаг байдлаасаа гарч, илүү хамтарч ажиллах нь зүйтэй.
Түншлэл бол бидний үнэт зүйл цаашид хөгжих дэвших боломж учраас эмийн сангийн захирлуудтай ярилцаж гадаадын хэд хэдэн түншлэлийн үндсэн дээр ажилладаг байгууллага,бизнесүүдийг судалсан.Ингээд“Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” гэж ТББ байгуулахаас ажлаа эхэллээ.Central pharma сүлжээ эмийн сан нь Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй нэг төсөл.Бие даасан жижиг, дунд эмийн сангууд нэгдээд, сүлжээ эмийн сан болж,нэг менежменттэй,нэг дүр төрх,үйлчилгээ, эд бүгд нэг стандартад орж байгаа гэсэн үг.2018 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн одоогоор 27 эмийн сан нэгдсэн байна.Нэгдсэн эмийн сангууд маань 3-20 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай.
“Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан МЭРГЭШСЭН үйлчилгээтэй, эрүүл мэндийн үйлчилгээний эрүүл, зөв бодлогыг дэмжигч эмийн сангуудыг эгнээндээ нэгтгэсэн, зөв хандлагыг эрхэмлэгч эмийн сангийн үндэсний сүлжээ болон хөгжих” гэсэн ЭРХЭМ зорилготой ажиллаж байна.
Эм зүйч, жор баригч гээд мэргэжлийн хүмүүс нь мэргэшсэн эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлдэг шилдэг байхын тулд жор баригчийн сургалтыг сард хоёр удаа хийж байна. Захирлууд маань сар бүр уулзаж ажлын үр дүнгээ хэлэлцэн, цаашид хийх ажлуудаа шат дараатай хэлэлцдэг.Хамтдаа хөгжих бүх үндэс суурь тавигдсан гэж үзэж, ирээдүйдээ итгэлтэй байгаа.
-Энэ бол үнэхээр сайн төсөл. Одоо нэгдэх хүмүүс улам олшрох байх даа. Хэрэглэгчид үүнийг анзаарч байна уу?
Жор баригчийн харилцаа,хандлага сайжирсан.Эхний хэдэн саруудад эмийн сангийн болон үйлчилгээний стандартын тал дээр нэлээд ажиллацгаасан. Дотоод хяналтыг Удирдах зөвлөлийн зүгээс хийгээд явж байна. Эерэг үр дүн удахгүй гарах байх.
-Та арав гаруй жил удирдагчийн байр сууринд явжээ. Хэр хурдан зүгшрэв?
-Удирдагч байхаасаа илүү өөрөө л манлайлбал тэр нь үлгэрлэл болно. Загнаж зандрахаасаа илүү өөрөө үлгэрлэн хийх чадвартай, цаг үетэйгээ хөл нийлүүлэх, мэдлэгээрээ дагуулах чадвартай байж ажил үр дүнд хүрдэг. Энэ бол миний л байр суурь.
Анх хоёр эм зүйч, нэг жолоочтой дөрвүүлээ үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Өөрөө цэвэрлэгч, эм зүйч, захирал гээд бүгдийг хийж эхэлсэн. Одоо зөвхөн эм ханган нийлүүлэхийн ажилчдын тоо 30 шахам. ТББ оруулвал олон болно.Манай хамт олон залуу хүмүүс учир их эрч хүчтэй.
-Таны гэр бүлийн хүн аль салбарынх вэ?
-Манайх одоо хоёр хүүхэдтэй. Том хүү маань 10 настай, бага охин 11 сартай. Нөхөр маань “Интерфарм импорт” гээд бас хангамжийн компанийн захирал. Манай нөхөр хуульч мэргэжилтэй, спортод их сонирхолтой, бодибилдингээр хичээллэдэг. “Интерфарм” нь АНУ-ын уураг, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог.
-Мэргэжил нэгтэй юм уу?
-Манай нөхөр бол хуульч мэргэжилтэй, спортод их сонирхолтой, бодибилдингээр хичээллэдэг. “Интерфарм” нь АНУ-ын уураг, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог.
-Ардаа ой хүрээгүй нялхтай эх гэхэд ажилдаа шимтээд тайван сууж байна шүү. Өнөөдрийн нийгмийн эмэгтэйчүүд маань ийм л эрч хүчтэй юм даа?
-Жирэмсэн байхдаа их ажил амжуулсан. “Central pharm” төсөл дээр “Глобал бизнес солюшн” компанийн Эрдэнэтулга захиралтай хамтран, дийлэнх ажлынхаа эхлэлийг тавьсан. Залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэхийн тулд олон нийтийн байгууллагад нэлээн цаг заваа зарцуулдаг. JCI Лидэр байгууллагын идэвхитэй гишүүн.2016 оны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.Анагаахын сургуульд байхдаа Оюутны холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаас их зүйл сурч, найз нөхөдтэй болсон шүү. 2016 оны 10 сард JCI байгууллагаас жилдээ шалгаруулдаг TOYP буюу Ten Outstanding Young Person шагналд С вирус дээр ажилласан төслөөрөө шалгарч байсан.
-Эм зүйн салбарт зүтгэж байгаа залуу хүний хувьд шүүмжлэлтэй талуудыг нь олж хардаг уу?
-Хүмүүс манай салбарыг хөндлөнгөөс эм их өндөр үнэтэй байна, Эмийн компани хэд дахин ашиг хийдэг гэж харддаг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Эм үнэтэй байхын тухайд Монгол улс өөрөө үйлдвэрлэгч орон биш гаднаас нийт эмийнхээ 80 хувийг импортоор авдаг.Монгол улс хүн ам цөөн авах тоо нь бага. Үйлдвэрүүдээс хямд үнээр нийлүүлээч гэхээр “Их тоо хэмжээгээр авах шаардлага тавьдаг.Иймд бид гадны үйлдвэрлэгчээс харьцангуй өндөр үнэтэй эм авдаг.Стандартын шаардлага хангасан агуулах орчин нөхцөл болон олон мэргэжилтэн ажиллуулах шаардлага эм хангамжийн салбарт байдаг тул зардал өндөртэй.Бид эмийг оруулж ирэхийн тулд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, шинжилгээнд оруулах, импортын лиценз авах зэргээр нэлээдгүй хяналттай ажилладаг.
Дараагийн нэг зүйл бол эмийн зохисгүй хэрэглээ. Эмийг зөв зохистой хэрэглээ бол эмч, өвчтөн, эм зүйч гэсэн гурван талын оролцоотой байж эмчилгээний үр дүнд хүрдэг.Манайхан өвдөхөөрөө эмч эмнэлэг биш эмийн санд хамгийн түрүүн ханддаг.Өөрийнхөө дураар болон хэн нэгний амаар тэр сайн эм гэхээр авч уудаг. Харвони эмийг анх зах зээлд гаргахдаа бид бүхэн эмчийн хяналтан дор эмчилгээг бүрэн төгс явуулахын тулд цахим жорын системийг бий болгож сар тутам эмээ авахаар ирэхдээ эмчдээ хянуулж жороо бичүүлж байхыг шаардаж байсан.Эхэндээ иргэд маань олон удаа эмч дээр очих ямар шаардлага байна яршиг төвөг удлаа гэж их уцаарлаж байсан боловч сайн тайлбарлан ойлгуулсаны хүчинд эмчилгээг эмчийн хяналтын дор явуулж чадсан.Эмийн сангууд ч антибиотик эмийг заавал эмчийн жороор олгож байна.Шаардаад байвал хэвших шинжтэй
-Аав нь анх “Омбол” компанийг нь байгуулж өгч байсан. Одоо хэр оролцдог вэ?
-Аав маань нас өндөр болсон учир амгалан тайван байлгахыг зорьдог. Тэр хүн хийх ёстой зүйлээ хийсэн одоо амраах хэрэгтэй. Үнэхээр тулгамдсан асуудал дээр зөвлөгөө авдаг.
Эгч Төмөрбат маань бас Англид Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Дараа нь эрүүл мэндийн яаманд ажилласан.Одоо Омбол компанидаа Ерөнхий захиралаар ажиллаж байна.Эгч маань компанидаа ажиллаж эхэлснээс хойш манай компани улам хурдтай ахисан гэж хэлж болно.Ийм сайхан түшиг тулгууртай, мэдлэг чадвартай эгчтэй байна гэдэг үнэхээр бахархмаар.
-Танд улс төр рүү орох бодол байдаг уу. Тийм санаатай байх гэсэн яриа сонссон юм?
-Одоохондоо улс төрд орох бодол алга. Хүмүүс Төрийн бус байгууллага байгуулаад байхаар тэгж бодсон байж магадгүй.
-Хилийн чанадад хэдэн компанитай харьцдаг вэ. Харилцагчдын итгэлийг хүлээнэ гэдэг бас л чухал шүү?
-Одоогийн байдлаар бид 20 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Эхлээд л харилцагчиддаа урьдчилж төлбөрөө хийдэг байсан. Олон жил найдвартай харилцсаны эцэст дараа төлбөрт болгосон нь итгэл хүлээлгэсэн хэрэг.
-Эмийн сангууд хувьцаа гаргаж болдог уу?
-Уг нь бол болно л доо. Түншлэлээр бид яагаад IPO гаргаж болохгүй гэж.
-Танай ажилтнуудын тухайд?
-Ерөнхийдөө мэргэжлийн хүмүүс их байдаг учир зөөлхөн, хүнлэг уур амьсгалтай сайхан хамт олон.Ихэнх нь эмэгтэйчүүд.Ажилтанд ээлтэй сурч хөгжих боломжийг бүрдүүлэх, нийгмийн асуудалд ньудирдлагын зүгээс их анхаардаг.Өглөөний англи хэлний хөтөлбөрүүдийг явуулдаг.
Сүүлийн таван жилийн дотор манай олонхи эмэгтэй ажилтнууд амаржлаа. Би одоо Харвони эмийн буян юм болов уу гэж бодож байгаа. \инээв.сур\ Харвони эм орж ирснээс хойш 40 гарсан хүмүүс нь хүртэл жирэмслээд л байна.
Энэ хүмүүс “Баярлалаа” гэж ерөөсний буян юм болов уу. Сүүлийн үед гэртээ хүүхдээ харж суугаа хүмүүс их байгаагаас ч юм уу,залуу ажиллагсдын тоо ихэссэн. Гурван жилээс өмнө ажилчид маань их тогтвортой байсан бол энэ жирэмслэлтээс болоод хүний нөөцийн хөдөлгөөн их болсон.
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэхээр ажилтан юуг хэрхэн хийх тодорхой эмх цэгцтэй, болчихоор захирлын оролцооноос илүү системийн удирдлага нь байгууллагыг аваад явчихаж байгаа юм.
Эм зүйч нарын нийгэмд эзлэх нэр хүндийг сайжруулах юмсан гэж боддог. Эмийн санд хүн тусламж хүсэхээс биш хувцас авах гэж орж ирдэггүй. Энэ хүн надад туслана гэсэн итгэлтэй орж ирдэг. Тэр итгэлийг алдагдуулахгүй байх ёстой.
-Танд баярлалаа та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.
2018 оны 6-р сар

Ярилцсан: Н.Энхцэцэг