//Д.Тэмүүжин: Эмийн эмчилгээнээс илүү зөв хооллолт, амралт, спорт дархлааг сэргээдэг

Д.Тэмүүжин: Эмийн эмчилгээнээс илүү зөв хооллолт, амралт, спорт дархлааг сэргээдэг

Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг цочроож байна. Түүний дэгдэлт хүний дархлаа хамгийн их сулардаг хаврын улиралд таарлаа. Биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар Дорно дахины анагаах ухааны “Тиффани мед” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Тэмүүжин ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүс, бүр залуус хүртэл “Бие өвдлөө, дархлаа суларлаа” гэж ярих болж. Хүмүүс биеийн дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?

-Хүний бие нь өөрийн хүрээлэн буй орчноосоо тоо томшгүй эмгэгтөрөгчдөөс хамгаалах зориулалттай байдаг. Эдгээрийг бидний хэлдгээр бол вирус, бактер, мөөгөнцөр, шимэгчид гэж хэлдэг. Эмгэгтөрөгч хүний биед халдварлаж өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд хамааралтай. Бие организм нь өөрөө өөрийгөө хамгаалах, үхэжсэн эс болон буруу хөгжсөн эсүүдээ устгах хүртэл арга хэмжээ авч эзнийгээ хамгаалж байдаг. Орчин цагт техник технологи эрчимтэй хөгжиж, хоол хүнсний буруу хэрэглээ, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь хүний дархлааны тогтолцоог муутгахад хүргэж байна. Хамгийн гол аюул нь хүн та өөрөө болоод байна. Дархлаагаа сайн дэмжихийн тулд маш сайн амарч, зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Энэ нь биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоог сайжруулж, түүнийгээ дагаад дархлааны эсүүд өсдөг. Мөн өөрийн хорт зуршлаасаа салах нь хамгийн том дархлаа дэмжигч болно. Жишээ нь, тамхи нь олон төрлийн хавдрыг өдөөдөг хүчин зүйл гэдэг нь нотлогдсон шүү дээ.

-Тэгвэл биеийн дархлаагаа муудсаныг хэрхэн мэдэх вэ?

-Та өөрийн биеийг хэр сайн ажиглаж анхаарал тавьдаг вэ гэж би асуумаар байна. Монголчуудад сайн, муу гэж хэлэхэд нэг хэцүү зан бий. Тэр нь өөрийн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэл маш дутмаг. Өөрийн дархлаа суларсныг маш амархан аргуудаар анзаарч болно. Бие амархан эцэж сульдах, архаг ядаргаатай болох, нозоорч, нойр хүрэхгүй, нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх, ямар нэг вирусний гаралтай халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө. Мөн уруул дээр хомхой гарах нь бие организмын дархлаа муудсаны том илрэл бөгөөд энэ үед яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

-Дархлаа муудсан, бие өвдсөн үедээ хүмүүс ихэвчлэн эм уудаг. Энэ нь хэр зөв бэ?

-Жирийн нэг хамрын ханиад тусах үед хүмүүс шууд эм ууж эхэлдэг. Угтаа бол таны дархлаа муудсан байна гэдгийг сануулж байгаа хэрэг л дээ. Эсрэгээр нь эмийн эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. Шингэн юм сайн уух нь зөв. Ялангуяа хүйтний улирал гэлтгүй бие арзайх, тавгүйтэх, нус гоожиж, нулимс их гарах үед халуун бүлээн усыг ихээр уух нь эм ууж ходоод болон бусад эд эрхтнээ гэмтээхээс илүү дээр сонголт гэж зөвлөе. Хятадын уламжлалт анагаах ухаанд хөнгөн зэргийн хамрын ханиаданд ус сайн уу гэж зөвлөдөг. Энэ аргыг ч би өөр дээрээ туршиж үзэхэд үр дүн маш сайн гарсан. Манай улс биеийн дархлаа сэргээх талд харьцангуй боломж нөөц ихтэй шүү дээ. Зуны цагт ургасан зэрлэг жимсээ нөөцлөн авч ханиад, томуу ид дэгдэлтийн үед хэрэглэх нь дархлааг дэмжих бас нэгэн арга юм.

-Ер нь ямар төрлийн хоол хүнс хэрэглэвэл дархлааг сайн дэмжих вэ?

-Дархлааг дэмжих хоол хүнсийг эрэмбэлэ гэвэл би хамгийн нэгдүгээрт ус уу гэж хэлнэ. Монголчуудын уламжлалт дархлаа дэмжих нууц жор бол адууны махтай сармистай шөл, аарц, чацаргана байдаг. Энэ жорыг эрдэмтэд дархлааг дэмждэг эсэхийг одоогоор нотолсон зүйл байхгүй л дээ. Гэхдээ буруутгаж бас болохгүй. Харин дархлаагаа дэмжиж байна гээд төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг, зөвлөдөг байдал нь маш эрсдэлтэй, аюултай. Ямар ч сайн дархлаа дэмжих эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэх нь хор болдог. Монгол хүн зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт өдөрт хоёроос доошгүй удаа махан хоол хэрэглэх хэрэгтэй. Хамгийн чухал нь өдөртөө авах уургийнхаа хэмжээг сайн авах нь маш чухал. Үрлэн витаминыг 3-4 ширхэгээр нь буюу нормоор нь хэрэглэх нь зохистой. Хамгийн чухал нь өдрийн гурван хоолоо цаг алдалгүй хэрэглэх нь зөв. Үүнд, сармис, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, самар, ургамлын үр, амуу тариаг өргөн хэрэглэх нь зохистой. 

-Та бид дархлаагаа хэрхэн сэргээх, дархлаа муудсанаа яаж мэдэх талаар ярилцлаа. Одоо харин дархлаагаа муутгахгүй байх буюу урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө үү?

-Сүүлийн үед монголчууд бидний, тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт амархан өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч буй байх. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс, ядаргаа, буруу хооллолттой салшгүй холбоотой. Тиймээс өөрийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, хорт муу зуршлаасаа салах хэрэгтэй. Сайн унтаж амрах, хоол хүнсээ тохируулах нь маш чухал. Дээр хэлсэн дээ. Өдрийн гурван хоолоо заавал цаг алдалгүй идэж бай. Усыг зөв зохистой хэрэглэх нь хамгийн зөв арга. Мөн сэтгэл санаагаа тогтуун байлгаж, стрессгүй байх нь дархлаа сулруулахгүй байх нэг арга юм. Байнгын стресс нь дархлааны дайсан. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийснээр хорт хавдар тусах магадлалыг 50 хувиар бууруулж дархлааг сайжруулах үр дүнтэй.

-Уншигчдад маань чухал мэдээлэл, зөвлөгөө өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.