//ХХААХҮЯ системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна

ХХААХҮЯ системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна

БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусний халдвар 2020 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 25 улсын 45168 хүнд тусч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна.  Мөн БНХАУ-ын Хунань мужид амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн. 

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд  бий болох нөхцөл байдлыг урьдчилан харах, эрхэлсэн ажилдаа мэдлэгтэй мэргэжлийн үүднээс хандаж ажиллах, зохион байгуулалт сахилга хариуцлагын асуудалд анхаарах, эрхэлж байгаа ажлынхаа талаар итгэл үнэмшилтэйажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч ажиллаж байна.  

Дэлхийн 25 оронд 43 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж мянга гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусний тархалт нэмэгдэж байгаа энэ үед Мал эмнэлгийн биоаюлгүйн-III зэрэглэлтэй лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусний оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна. Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд.

Мөн Биокомбинат УӨҮГ мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Тус үйлдвэрт Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм. 

БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуугийн (H5N1) вирусний халдварын дэгдэлт гарсаныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан. Тиймээс энэ бүс нутгаас шувуу, үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хугацаагаар импортлохыг хязгаарласан байна. 

Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх талаар бөөний болон жижиглэнгийн үнийн түвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, судалгаа дүгнэлт хийж ажиллаж байна.

Дотоодын махны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн хурлаас Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээг авсан байна. 

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг зарлаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрснэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллуулах чиглэлээр Шударга өрслдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгч, хамтран ажиллаж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ