//Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хаалттай шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийг буцаан хэрэглэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /гэмт хэрэг үйлдэхээр завдах/-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.