//Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна

Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 15 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төсөлд “нэг бодыг гурван богоор” гэснийг ямар үндэслэлээр өөрчилж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан болно.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгожээ.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна гэж үзэн тус ялын төрлийг хасах, олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тул найман бог, хоёр бод байхаар зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, тодруулга хийсэн. Хоёр бод, найман бог хулгайлсан тохиолдолд гэхээр энэ тоонд хүргэхгүй мал хулгайлвал гэмт хэрэгтнүүд ял завших эрсдэлтэй тул өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхыг малчид хүсч буйг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. Тэрбээр нэг бод, эсвэл долоон бог хулгайлсан хүн ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодрууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулахдаа, бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6 сараас 5 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан.

Давтан болон зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд тусгагдсан байна. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд бий гэдгийг хэллээ. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэлж байв. Тэрбээр мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зохицуулалтыг төсөлд тусгасан нь хэвээрээ эсэхийг тодруулж хариулт авсан. Малын хулгайтай тэмцэхдээ ялын бодлого чангатгахаас гадна бусад арга хэмжээг авах тал дээр холбогдох талууд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүн хэлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэн хувь иргэдийн амьдралд ноцтой хохирол гарч байсан тохиолдлууд бий гэдгийг хууль тогтоогчид сайтар тооцож, асуудлыг иж бүрнээр нь харж эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг Д.Лүндээжанцан гишүүн хэлж байв. Засгийн газрын зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явууллаа. Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.