//Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном хэвлэгдлээ

Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном хэвлэгдлээ

Монголын радиогийн эфирийн найруулагч, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зураач, Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ ном 2020 оны эхний өдөр хэвлэлтээс гарлаа. Дээрх номын редактороор МЗЭ-ийн шагналт найрагч О.Цэнд-Аюуш, Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан нар ажилласан бол хавтасны зураг, уран бичлэгийг яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар/МОО/ урласан байна.

Шинэ номынхоо талаар яруу найрагч Б.Жамбалдорж “Миний л зүрх сэтгэлийн ертөнц юм. Ямар нэгэн урсгал чиглэл хөөсөнгүй гэхдээ өдөр бүр файсд шүлгээ тавьж хэн нэгнийг үгүйсгэсэнгүй… Цаг хугацаа өнгөрөх тусам бичиж буй зүйлийнхээ төлөө илүү өвдөх болж байна. Анх зүгээр л сонирхлоороо бичиж, зориглолгүй эхэлсэн бол сонирхогчийн хэмжээнээс арай өөр хэцүү зүйл гэдгийг мэдэрсэн бүтээл минь боллоо. Цаашдаа хэрхэхийг нарийн ажиглуулсан ном боллоо. Нэгэн цаг үеийн ах дүү нар утга зохиолын хүрээнийхэн та бүхэнтэй өнгө будаггүй нөхөрлөж өдий хүрлээ.

Хэнд ч таалагдах гэж бичсэнгүй, сум суурин, хөдөө ахуй, суурин ахуй бас ижийгээ үгүйлж бичсэн шүлгүүдээр энэхүү номоо бүтээв” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Ташрамд дуулгахад, яруу найрагч Б.Жамбалдорж 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлсэн билээ.