//Сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгт туулах чадвар сайтай автомашинаар түгээлт хийж байна

Сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгт туулах чадвар сайтай автомашинаар түгээлт хийж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан.

Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болсон байна. Тиймээс түлшээ гэрт хүргэх  боломжгүй хүүхэд, ахмад настнуудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв.