- Монгол улсад агаарын бохирдлын асуудал тулгамдаж, үр хүүхдээ хамгаалах гэсэн иргэд дор бүрнээ агаарын бохирдлыг бууруулах арга зам эрэлхийлсээр байна.
- Бид энэ удаа Монгол инженерүүдийн хамтран санаачилж, төсөл, тооцооллыг нь гаргаад буй шинэ санааг уншигчиддаа хүргэж байна. Мэргэжлээрээ тус бүр арав гаруй жил ажилласан арав гаруй инженер хувь хувийнхаа ажлаа хийж, ажлын бус цагаараа нэгдэн “инженер хүний нийгмийн хариуцлага”-аа ухамсарлан дараах санаачлагыг гаргажээ.
- Тэд Улаанбаатар хотын утааг “Smoke tower” буюу 80 гаруй метрийн өндөртэй цамхаг, яндангаар дээш сорж, салхиар туух төсөл боловсруулсан бөгөөд одоогоор бүх тооцоо судалгааг хийж, макет байгуулан, анимейшн бэлджээ.
- Дэлгэрэнгүй мэдээллийг авахаар инженер, зохион бүтээгч Б.Нямдэмбэрэл, инженер, зохион бүтээгч Д.Дорждагва нартай ярилцлаа.
- -ХОНХОРТ ТУНАСАН УТААГ ДЭЭШ ГАРГАЖ, УУЛЫН ДЭЭГҮҮР САЛХИЛАХ САЛХИАР ТУУХ ГОРИМООР АЖИЛЛАНА-
- -Монголчууд тулгамдаж буй агаарын бохирдлын асуудалд тал талд анхаарч, дор бүрнээ шинэ санаанууд дэвшүүлж байна. Инженерүүд та бүхний дэвшүүлж буй “Утааны цамхаг” юугаараа онцлогтой байна вэ?
- Б.Нямдэмбэрэл: Утаа сүүлийн 20 жилд Монголын тулгамдсан асуудал болсон. Хүмүүс утаатай янз бүрийн аргаар тэмцэх санаанууд гаргаж байна. Үүнээс зарим нь инженерүүд биш байх нь ч бий. Бидний хувьд тал бүрт өөр өөр газар ажилладаг инженерүүд бөгөөд утаанаас ангижирах гарцыг бий болгоё гэж нилээд олон арга ярьж, туршиж үзээд байна. Эцэст нь нэг шийдэл дээр бүгд тогтсон нь “Smoke tower” юм.
- Д.Дорждагва: Монголчууд олон жилийн өмнөөс утаа гэдэг зүйлтэй нүүр тулж ирсэн. Ардын хувьсгал ялахаас өмнө Монгол гэрт тулга ашигладаг байснаас гэр дотор утаатай л байдаг байсан. Үүний дараа тулгыг зуухаар сольж, яндан тавьснаар гэр доторх утааг гадагшлуулах болсон. Ингээд Монгол гэр утаагүй болсон боловч Улаанбаатар хотын гэр хороолол ихсэж, гэр дотроо биш гадаанаа утаатай болчихож байгаа юм. Үүнээс үүдээд бид гаднах утаанаасаа салахын тулд дахиад яндан байршуулаад өгье, ингэснээр геодезийн хувьд утааны голомт болсон, хойноосоо хөндий уулзваруудад утаа сорох цамхаг байгуулъя гэж байгаа. Бидэнд мэдэгдэж байгаагаар 32-ын тойрог, 100 айл, Баянхошуу, Толгойт, Шархаданд тунасан утааг дээшээ гаргаад хийсгэчих юм бол дор хаяж орон сууцтай хорооллууд руу утаа орж ирэхгүй, гүнд суучихсан байгаа утааг дээш нь гаргаад өгчихнө. Та бүхэн ажигласан бол станцын яндангийн утаа агаарын бохирдолд нэрмээс болдоггүй, уулын дээгүүр салхиар хийсээд алга болдог шүү дээ. Яг энэ зарчмаар л ажиллах бодолтой байна.
- Б.Нямдэмбэрэл: Утаанаас салахын тулд нэгдүгээрт орон сууцжуулна гэж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах юм бол Улаанбаатар хотын цэвэр усны нөөц хүрэхгүй. Эрчим хүчний боломж ямар байгаа билээ. Тэдгээр олон зүйлс нөлөөлснөөс үүнийг шийдэхэд хүндрэлтэйн дээр маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулна. Цахилгаан халаагуур, утаа гаргадаггүй зуухыг ярьж байна. Гэтэл 200 мянган гэр хороололд тэр технологи нь туршигдаад үр дүнгээ өгчихсөн байлаа гэхэд тухайн үйлдвэрлэгчийн хүчин чадлаас эхлээд хөрөнгө мөнгө, хугацааны асуудал яригдаж байна. Харин бидний ярьж буй энэ шийдэл бол маш хурдан хугацаанд үр дүнгээ өгч чадах хамгийн шалгарсан арга гэж бид үзэж байгаа юм.
- -Цамхаг хэр өндөр байх вэ, ямар горимоор ажиллах вэ?
- Д.Дорждагва: Янданг гадаа босгоод тавьчихад даралтын зөрүүгээрээ доороос агаарыг татаж дээшээ гаргадаг. Хамгийн багадаа 3-5 метрийн өндөртэй гэрийн яндан л ийм горимоор агаарыг дээш татаж гаргадаг. Харин энэ цамхаг ойролцоогоор 80 орчим метрийн өндөртэй. Гэхдээ газрынхаа төвшнөөс хамаараад өндөр намыг тохируулаад, түүнийг нь хурдасгах зориулалтаар хажууд нь сордог сэнс байршуулахад утааг асар хурдацтай сорох юм. Нэг ёсондоо агаарыг хөдөлгөөнд оруулчихъя л гэж байгаа юм.
- -ДОЛООН БАЙРШИЛД 10 ОРЧИМ КМ РАДИУСТ УТААГ СОРНО-
- -Та бүхэн энэ санаагаа хэрхэн олсон бэ?
- Д.Дорждагва: Нэг удаа хойшоо лагерт гарчихаад буцаж ирэх замдаа түгжрэлээс зайлсхийгээд Баянхошууны уулыг даваад гараад ирчихсэн. Тэгээд уулан дээрээс хотыг харахад тодорхой нам хэсэгт утаа суучихсан байгаа юм. Дээд хэсэгт ямар ч утаа байхгүй, учир нь уулын дээгүүр салхилаад аваад явчихаж байгаа шүү дээ. Тиймээс л дээд хэсэг рүүгээ утаагаа гаргах маш чухал гэдгийг харж, утаа ихтэй голомтуудад энэ өндөр яндангуудыг байршуулж өгвөл үр дүнтэй юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр маш олон ургалч санаанууд гарч ирсэн ч одоог хүртэл утаанаас салж чадахгүй, утаа нь улам нэмэгдээд л, хүмүүс хохироод байгаа учраас үүнээс асар хурдан ангижрах арга юу вэ гэдгийг бид толгойгоо гашилгаж байж бодож олсон юм.
- -Хэдэн цэгт энэ цамхагийг байршуулах вэ?
- Д.Дорждагва: Долоон цэгт.
- -Тэгвэл нэг яндан хэр их газрыг хамарч, утааг нь сорж авах чадалтай байх вэ? Багахан талбайг эзлэхвий гэх айдас байна?
- Д.Дорждагва: Утааны их хүнд хэсэг нь доошоо явж байгаа. Ингэхдээ хөндий рүү доошоо урсаж орж ирж сууж байгаа. Яг л энэ уулзвар дээр суулгаад өгчихвөл тэр чигт нь сороод гаргаад өгчихнө. Бид ойролцоогоор 10 орчим км радиуст сорно гэж эхний ээлжинд үзэж байгаа. Мэдээж дам нөлөөгөөр нилээд холоос ч сорж байгаа. Агаараа сорогчоо хамгийн нам цэгт барьж өгөх хамгийн чухал.
- -Утаа сорох янданг ямар материалтай байхаар тооцож байгаа вэ?
- Б.Нямдэмбэрэл: Эх бие буюу карказ нь гангаар хийсэн байна. Сүүлийн үеийн хамгийн өндөр хатуулагтай, маш хөнгөхөн материалаар хийгддэг.
- -Материалаас шалтгаалаад үнэ өртөг нь тооцоологдох болов уу. Нэг яндан хэдэн төгрөгийн өртөгөөр босох урьдчилсан тооцоолол бий юу?
- Б.Нямдэмбэрэл: Эхний байдлаар төсөв гаргаж үзсэн. Гэхдээ цаашид сайжруулаад хөгжүүлэх юмнууд их байгаа. Дүн гарсан ч одоохондоо шууд хэлэхэд арай эрт, мэдээж массаар нь хийгээд эхэлбэл үнэ хямдхан тусна. Гэхдээ утаан дээр тавигдаж байгаа төсвийн багахаан л хэсгийг эзэлнэ гэдэг тодорхой.
- -БАЙГУУЛАМЖИЙГ ЗУНЫ ЦАГТ ТЕМПЕРАТУР БУУРУУЛАХ, ЧИЙГШҮҮЛЭХ ЗОРИЛГООР АШИГЛАНА-
- -Маш олон шийдлүүд гарч ирж байгаа тул иргэдийн итгэх итгэл жаахан багассан байгаа. Уучлаарай, цамхаг байгуулна гэдэг Улаанбаатар хотын хувьд хэр бодитой шийдэл вэ гэж дахин лавлаж асуумаар байна.
- Д.Дорждагва: Бид тун итгэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр, ор байхгүй юмыг бий болгочихоод шахах гээд байгаа юм биш. Энэ олон улсад өөр зүйлс дээр ч ашиглагддаг технологи. Тухайлбал, дээд талаасаа агаар сороод доошоо агаарын температур бууруулах замаар АНУ-ын Техас мужид цөлжилтийг бууруулж байна. Австралид “Solar tower” гэж температурын зөрүүг сорж аваад эрчим хүч гаргадаг төхөөрөмж байна. Мөн БНХАУ-д утааны цамхаг маягийн байгууламжийг филтертэйгээр зохион бүтээсэн байна. Энэ бүхнээс туршлага судлаад Монголын нөхцөлд буулгаж, 100 хувь ажиллана гэсэн тооцооллыг хийсэн. Манай ашиглаж байгаа гэрийн яндан гэх мэтээр амьдралын туршлага дээр ч биелэгдчихсэн зүйл шүү дээ. Бид үүнийг туршиж жижиг макет, анимейшн хүртэл хийсэн байгаа. Цаашид ч хөгжүүлэх болно. Гэхдээ одоо л хурдхан хөдөлж үүнийг хэрэгжүүлэхгүй бол “Бид тооцоогоо хийж байна” гээд л хойшлуулаад байвал утаатайгаа байгаад л байх гээд байна.
- Б.Нямдэмбэрэл: Дулааны улирал ирэхэд л хүмүүс утаагаа мартчихдаг. Цагаан сар өнгөрөөд л мартагнаад эхэлнэ. Одоо телевиз, радиогоор утаа ярих нь хүртэл багасаад л эхэлж байгааг та бүхэн ч анзаарч байгаа байх. Харин бидний хувьд яг л энэ зуны нөхцөлд гялс барьж аваад, өвөл бэлэн зогсож байх ёстой гэж бодож байна. Тиймээс л нийгэмд мэдээллээ түгээж эхлэе, төр засагтаа танилцуулах боломж байгаа эсэхийг лавлаж байгаа юм.
- Д.Дорждагва: Бас нэг асуудал бол энэ байгууламжийг зөвхөн өвөл ашиглахгүй, зун хүртэл ашиглана. Зундаа дээрээсээ сэрүүн агаарыг сороод, доороо бассейнтай, бассейн дундуур хүйтэн агаараа гэр хорооллууд руу цацаад гаргачихдаг юм. Хүмүүс агаарын бохирдлыг зөвхөн утаа гэж ойлгодог ч нарийн ширхэгтэй тоосонцорууд бас агаарыг бохирдуулж байдаг. Хотыг тодорхой хэмжээнд температурыг нь бууруулж, зундаа чийгшүүлж, өвөлдөө утааг нь тодорхой хэмжээнд бууруулах гэх хоёр чиглэлтэй ажиллах төхөөрөмж юм.
- -ИНЖЕНЕР ХҮМҮҮСИЙН НИЙГМИЙН УХАМСРААР АШИГ ХАРАХГҮЙ ХИЙЖ БАЙГАА-
- -Танай багт хэдэн хүн байдаг вэ? Хэдэн жилийн ажлын туршлагатай инженерүүд байдаг бол?
- Б.Нямдэмбэрэл: Манайх чиглэл чиглэлийн арав гаруй инженерийн бүрэлдэхүүнтэй. Зарим нь сэргээгдэх эрчим хүчний, зарим нь зохион бүтээгч инженер, зарим нь агаарын урсгалын тооцоо хийдэг гэх мэтээр өөр өөрийн ажлын байранд тус тусын ажлаа хийгээд явдаг. Ажлын туршлагын хувьд арав гаруй жилийн өмнөөс утааны эсрэг тэмцэж эхэлсэн. Анх Цахилгаан тээвэр компани гэж байхад зураг төслийн инженер, цахилгааны инженер хийж байсан хүмүүс байгаагийн дээр, Монголд үйлдвэрлэж байгаа троллейбусны тооцооллыг гардаж хийж байсан залуус нэгдээд үүнийг хийж байна. Утаа гэдэг зөвхөн гэр хорооллын асуудал биш нийт утааны массаар авч үвэл 80 хувь нь гэр хорооллоос 20 хувь нь тээврийн хэрэгслээс гарч ирж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 1000 ширэг автобус нийтийн тээврээр явж байна. Жилд 64 тонн хөө тортог цацаж түүгээр нь бид амьсгалж байгаа. Тэгэхээр энэ байгууламжийг барьснаар зөвхөн гэр хорооллын утааг биш үүнийг ч бас шийдэх зорилттой.
- -Энэ утаа сорох цамхагийг ажил хэрэг болгоход юу шаардлагатай байгаа вэ? Ямар дэмжлэг шаардлагатай вэ?
- Д.Дорждагва: Одоо багахан хэмжээний судалгаа, шинжилгээний хэсэг шаардлагатай. Нөгөөтэйгүүр, яг үнэнийг хэлэхэд төр засгаас энэ санааг шинжлэх ухаанчаар авч үзэж, барих санхүүжилт олгох л асуудал байгаа. Бид ашгийн төлөө явсан бол шал өөр газар ямар нэгэн бизнес санаа бодож болох байсан ч инженер хүмүүсийн нийгмийн ухамсар гэдэг талаасаа ашиг харахгүй хийж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө толгойгоо ажиллуулаад үзье гэж шийдэж, зүтгэсэн. Баригдаад явбал их сайн байна, гэхдээ үүнийг улсад барьж өгснийхөө төлөө бид ашиг харахгүй. Утаагүй болчихвол бидний хэн хэнд л хэрэгтэй байх.
- -Ажил хэрэг болгоё гээд санал тавьбал та бүхний зүгээс бүх зүйл бэлэн гэж ойлгож болох уу?
- Д.Дорждагва: Тиймээ.
- -Бидэнд тодорхой мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Сүүлийн асуултыг та бүхэнд үлдээе.
- Б.Нямдэмбэрэл: Би уншигч иргэддээ нэг зүйлийг уриалмаар байна. Инженерүүд мэдээж бүгдийг тооцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “болох юм байна” гэдгийг мэдэж байж гаргаж тавьдаг. Амьдралдаа хадаас хадаж үзээгүй хүн энгийн хүний нүдээр, хувь хүний нүдээр харж “наадах чинь болохгүй” гэж шүүмжлэхээсээ урьтаад бидэнтэй холбогдоод үндэслэл, тооцооллыг асууж, туслаж дэмжиж, алдаа эндэгдлийг хэлж, хамтарч ажиллах сэтгэлтэй байгаасай гэж хүсэх байна.
