//Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ

Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлэхдээ “Улсын үзлэгийн удирдамж, чиглэл, дүгнэх үзүүлэлт, аргачлалын хүрээнд үзлэгт хамрагдах байгууллагуудын удирдах ажилтан, архив, бичиг хэргийн ажилтнуудад нийт 24 удаагийн сургалт зохион байгуулж, 1350 байгууллагын 2583 ажилтныг хамруулж мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангалаа. Нийслэлийн Салбар комиссын хурлыг гурван удаа зохион байгуулж нийслэл, дүүрэг, эрүүл мэнд, боловсролын салбар комиссуудад нэгдсэн чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан” гэв.

Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэгт Нийслэлийн салбар комиссоос шалгагдсан 1259 байгууллага, Төв комиссоос шалгагдсан 48 байгууллага гээд нийт 1307 байгууллага 90,4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн байна. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд Хууль зүйн сайдын баталсан дөрвөн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгагдсан найман байгууллагыг шалгаруулсан байна. Харин улсын үзлэгээр хангалтгүй дүн авсан байгууллагуудад хариуцлага тооцжээ. Үзлэгийн чанар өмнөх 2015 оны Улсын үзлэгийн дүнгээс 4 хувиар өсчээ.

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”  батлагдлаа

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэв. Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас санаачилсан Ногоон хот болох үйл ажиллагааны төлөвлөгөөт хөтөлбөрт Улаанбаатар хот нэгдсэн. Уг төлөвлөгөө нь хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл юм. Энэхүү төсөл нь эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн долоон салбарыг хамрах аж.

Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулгадаа “Энэ төлөвлөгөөгөөр долоон салбарыг стратегийн дөрвөн зорилттойгоор төлөвлөсөн. Тухайлбал, агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтүүд гарч агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулах юм. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, “Туул” усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ” гэлээ.  Мөн энэхүү төсөл хөтөлбөрөөр нийт 14 үйл ажиллагаа 42 арга хэмжээг зохион байгуулах талаар дурдлаа.

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд “Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт” бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж хэлээд тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо.