//ХУУРАМЧ ЭРТНИЙ ЭДЛЭЛ ЗАРЖ БАЙСАН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

ХУУРАМЧ ЭРТНИЙ ЭДЛЭЛ ЗАРЖ БАЙСАН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

Цагдаагийн байгууллага дуураймал эртний эдлэл зарж, иргэдийг залилж байсан БНХАУын иргэдийг илрүүлжээ.

“БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад өөрсдийн амьдарч буй байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан мөнгөн дэвсгэрт болон төмөр мөнгө их хэмжээгээр хадгалж байсныг илрүүлж хураан авсан байна. Хураагдсан ембүүнээс 10 орчмыг голоор нь хөрөөдөж хуваасан бөгөөд хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тус этгээдүүд ембүүг голдоо алттай, үнэ цэнэтэй хэмээн иргэдэд итгүүлж хуурамч эд зүйлс зарж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоолоо.  Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын гуравны өдөр каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. Тухайн эд зүйлсийг Геологийн төв лаборатори, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох нь нотлогдсон ажээ.

Иймд эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Э.Болорзэв