//THE HU хамтлагт “Чингис хаан” одон олгохоор боллоо

THE HU хамтлагт “Чингис хаан” одон олгохоор боллоо

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олголгүй өнжсөн билээ. Тэгвэл энэ жил “THE HU” хамтлагт олгохоор болсон баярт мэдээг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа.

Олон улсын тавцанд Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа Хүннү рок урсгалын THE HU хамтлагт олгох шийдвэр бол яалтчгүй нүдээ олсон хэрэг билээ. Чингис хаан одонг гардуулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 27-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан олгох аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ:

“Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож буй тус хамтлагт Ерөнхийлөгчийн зарлигаар Чингисийн одонг хүртээх болсныг уламжилж байгаадаа баяртай байна. Тус хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагч, продюсер нь МУГЖ Б.Дашдондог. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Гэрэгэ хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байна. Их эзэн Чингис хаан, эзэнт гүрэн өвөг дээдсийнхээ суу алдар бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон Хүннү рок урсгалыг түгээж яваа Монгол залуустаа талархал илэрхийлье” хэмээсэн юм.

  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

 Өмнөх жилүүдэд “Чингис хаан” одонг зөвхөн хувь хүмүүст олгодог байсан бол энэ жилээс журамд өөрчлөлт оруулан хамтлаг, байгууллагад олгодог болж буй нь онцлог байлаа.

Э.Болорзэв