“Гурван марал” ХХК-ийн захирал Ч.Мөнхтөрийг кино шиг амьдрал туулсан гэлцэх юм билээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэгсэн. Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа аль хэдийнэ тунхагласан тэрбээр “999” брэнд үйлдвэрлэнэ гэж амлаад, хэлсэндээ хүрэхээр ханцуй шамлан зүтгэж байна. Энэ жилийн GrandAwards-50 наадмаас Топ ААН шагнал хүртэж, шинэ оноо ололт амжилтаар дүүрэн угтлаа. Тэрбээр хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлэн, орцонд хүртэл хонож явсан гээд ороо бусгаа амьдралынхаа талаар хээвнэг ярьдаг юм билээ. Хэн байсан нь хамаагүй, хэн болох нь чухал гэж юутай үнэн үг вэ. Барилгын салбарын байлдагч болсон Мөнхтөр залуу үеийг бүү алдаж эндээсэй гэсэндээ ийнхүү өнгөрсөн түүхээ хуучилдаг гэсэн. Нуух хаах зүйлгүй түүний тусархуу занг цахим хуудсандаа үлдээдэг зарим сэтгэгдэл гэрчилж орхино. “Эмнэлгийн ор хүрэлцээгүй энэ цагт хоёрхон хүүхдийг хувийн эмнэлэгт төлбөрийг нь даагаад хэвтүүлчихмээр байна” хэмээн гэнэт мэдэгдэх нь бий.
