//ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ЗАЛИЛАН ҮЙЛДЭГЧИД БАРИГДЛАА

ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ЗАЛИЛАН ҮЙЛДЭГЧИД БАРИГДЛАА

Сүүлийн үед олны танил эрхмүүдийн нэр, зургийг ашиглан хуурамч хаяг нээж иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тодруулбал, олны танил хүмүүсийн зургийг ашиглан уралдаан зарлаж, шагналын 10 хувийг буцаан авах тул мөнгөө шилжүүлнэ үү… гэх мэтээр залилах үйлдэл хийдэг этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Уг хэргийг үйлдэгч этгээдүүд нь 2000 оны гурван залуу байсан бөгөөд ихэвчлэн дансандаа мөнгө байршуулж, бусдыг залилан мэхэлдэг байжээ. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тус бүр 56 мянган төгрөг шилжүүлснийг тогтоосон байна.

Тиймээс энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандаж, мэдээллээ шалгуулахыг цагдаагийн алба хаагчид анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагад энэ оны арван сарын байдлаар залилах гэмт хэрэг 4125 бүртгэгдсэний ихэнх нь цахим мэдээлэлтэй холбоотой байгаа билээ.

Э.Болорзэв