Дарханы зам ирэх жил ч ашиглалтад орох нь эргэлзээтэй

access_time 2019-11-08
remove_red_eye 19

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг энэ сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байсан. Тэгсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 13 км зам тавигдаад байгаа бөгөөд өвлийн улирал эхэлсэн учраас замын ажлыг зогсоогоод байгаа аж. Ингээд гуравдугаар сараас ажлаа дахин эхэлж ирэх оны зургадугаар сарын 20-нд ашиглалтад оруулна хэмээн Зам тээврийн яамнаас мэдээлэл өгсөн байна.

Улаанбаатар Дархан-Уул аймгийн чиглэлд өдөрт дунджаар 5800 автомашин зорчдог байна. Тус чиглэлийн 204 км авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын хөрөнгөөр хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх юм. Дөрвөн эгнээ замын хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэн барина. Харин үлдсэн хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар төлөвлөсөн. Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Замын асуудлаар Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байсан. өнөөдрийн байдлаар ажил дуусаагүй, замаа ашиглалтад өгөөгүй байна. Барилгын ажлыг дөрвөн хятад компани хийж байгаа юм байна. Би Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавьсан. Өнгөрсөн нэгдэх өдөр асуулгаа өгсөн. Маш олон асуулга байгаа. Гэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлээд асуулгад маань хариулна гэж бодож байна. Мэдээж үүнд хариуцлагын асуудал яригдана. Хэн буруутай юм, юу болов, гадна дотно талаасаа шалтгаалсан зүйл байна уу, яагаад хятадын компани ажлаа олигтой хийсэнгүй вэ гэдэг асуудал яригдана. Нийт ажлын явц 38 хувьтай явж байна гэсэн мэдээлэл өгсөн. Ажлын явц гэдэг бол хатуу хучилттай замаас гадна суурь бүтцийн асуудал. Тэгэхээр зургадугаар сард ашиглалтад оруулна гэхээр үнэмшил муутай санагдсан. Ирэх жилдээ багтаагаад ашиглалтад оруулна гэвэл үнэмшилтэй. Засгийн газар, Зам тээврийн яам тодорхой хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Дарханы зам дээр би үнэхээр харамсаж байна. Үнэндээ уур ч хүрж байна. Анх эхэлж байхад нь л Дарханаас сонгогдсон гурван гишүүн “зохион байгуулалтаа сайжруул. Хуучин замаа эвдээд хийх нь зөв үү. Шинэ замаасаа эхэлж болдоггүй юм уу” гэдэг байр суурь илэрхийлж, саналаа хэлж байсан. Гэтэл Зам тээврийн яамнаас “есдүгээр сар гэхэд замаа хучиж эхлээд арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна” гэж байсан. Ажлын явцыг харахад тэгэхээргүй л байсан. Бүтэн зунжин иргэдийг туслах замаар явуулж байна гэж тамгалчихаад одоо 10 гаруйхан км хучсан гэж байна. Тэгээд одоо буцаагаад замаа нээнэ гээд хуучин байсан муу замаа ихэнхийг нь хуулж хаяад дээр нь хайрга асгасан байгаа. Энэ хайрга чулуугаа цэвэрлэхгүй бол энэ жилжингээ машины шил хагална. Ирэх жилийн зургадугаар сарын 20-нд ашиглалтад өгнө гэж байна. Тийм худлаа зүйл байхгүй. Манайд хэдэн сард ажил эхэлдэг билээ. дээр нь ухсан далангуудыг дахиад янзлахгүй бол тэр далан дээр шууд аспалт тавьж болохгүй. Тиймээс энэ зам ирэх жилдээ багтаж дуусах уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байна. Санхүүжилт нь бүрэн ирсэн үү гэхээр “ирсэн” л гэдэг. Яг компаниуд нь авсан уу, үгүй юү гэдгийг мэдэх юм байхгүй. Тэгээд сайд нь цочмог цочмог юм яриад ард түмэнд хүлээлт үүсгээд байх юм. Хийгээгүй байж хийсэн гэж хэлэхийн оронд хийсэн хойноо хийсэн гэж хэлэх хэрэгтэй. Би Засгийн газарт “реклам шоу чинь хэтэрлээ” гэж хэлж байсан. Дарханы зам дээр яг л тийм юм боллоо.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр