Т.Ариунаа гавъяатын ээлжит гэнэтийн бэлэг…

access_time 2019-11-08
remove_red_eye 47

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин поп дива хатагтай Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо өнөөдөр /2019.11.08/ 17.00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байгаа билээ. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү 37 жил эзэгнэж буй алтан тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал юм. Дуучин Т.Ариунаа энэхүү тоглолтын үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” хэмээх хоёр том уран бүтээлээ үзэгчдэд анх удаа толилуулах юм. Үүнээс гадна үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон олон хит дуугаараа “Буянт-Ухаа”-д бут авсан тоглолт хийх нь тодорхой болов уу. Учир нь түүний тоглолтод “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хүрэлцэн ирж гэнэтийн бэлэг барих гэнэ. “Тэнгэр шиг бай” тоглолт Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд шинэ шинэлэг санаануудыг хэрэгжүүлснээрээ онцлогтой байх нь дамжиггүй. Гурван тусдаа  найруулгаар хэсэгчилэн үзэгчдийн сонорыг мялаах нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, доргиж өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээж буй үзэгчдэд дуулгахад Авто тээврийн үндэсний төвийнхөн өнөөдөр та бүхнийг “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэ төлбөргүй хүргэж өгч үйлчлэх юм байна. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, “Аса” циркийн гаднаас 16.00, 17.30 цагт зорчигчдоо аван тус тус хөдөлж, үдэш 22.40 цагт буюу тоглолтын дараагаар  Монголын хүүхдийн ордон хүртэл хүргэж өгөх юм байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99159030 дугаараас авч болох нь ээ.

Э.Болорзэв

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр