Б.Золжаргал Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

access_time 2019-11-05
remove_red_eye 32

Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA – International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей энэ сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод боллоо.
Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Б.Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцжээ.
ОУУХ-ны 2019 оны Ерөнхий Ассемблейн нэг онцлог нь энэ жил Удирдах зөвлөлөө шинэчлэх сонгуультай жил бөгөөд Удирдах зөвлөлийн нийт долоон гишүүний гурвыг нь чөлөөлж, шинэ гурван гишүүнд Монгол, Иран, Мальта, Ирланд, Бельги, Кипр, Непал улсын холбоодоос нэр дэвшигчдээ тодорхойлсон байна. Эдгээр улсаас Иран, Бельги, Монголын уулын холбоодын гишүүд сонгогдсон юм.

Ийнхүү Удирдах зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээр арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж, ажил үүргийг хуваарилан, Б.Золжаргалыг Дэд ерөнхийлөгчид, Лоүд Бэккэрсийг Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус томилсон байна.
Монголын Уулчдын Үндэсний холбоо нь 2020 онд зуны олимпийн төрөлд шинээр орсон уулын спортын нэг төрөл болох спорт авиралт, 2022 онд өвлийн олимпийн төрөлд шинээр орох хамгийн магадлал өндөр бүхий мөсөнд авиралтын төрлүүдээр сүүлийн гурван жил тамирчдаа тасралтгүй бэлтгэж, олон улсын зэрэглэлтэй дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцуулж байгаа билээ.

Э.Болорзэв

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр