Налайхын шинэ зам ашиглалтанд орлоо

access_time 2019-11-04
remove_red_eye 70

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан,нийслэлийн Зам, Тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, дэд дарга Б.Индра болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Авто замын нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна.  Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлье.Гэхдээ энэ зам нь хурдны зам биш гэдгийг анхаарах ёстой. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. Бусдыг хүндлэн дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье. Алтан шаргал зам нь өлзийтэй сайн байх болтугай” гэв.

Ажлын явц, гүйцэтгэлийн талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “Замыг стандартад нийцүүлэн чанартайгаар барьж байна. Технологийн хувьд асуудал үүсгэхгүй. Одоогоор гүйцэтгэл 75 хувьтай байна. Ирэх онд 100 хувь болно. Тиймээс аюулгүй байдлаа сайтар хангах нь зүйтэй бөгөөд 60 км/цагаас илүү хурдтай зорчиж болохгүй” гэлээ.

Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг танилцуулгын үеэр онцолсон юм.

Уг зам нь:

Бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээтэй.

Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай.

Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой,

Буцаж эргэх 5 хэсэг бүхий явган хүний 5 гарцтай бөгөөд 7 байршилд машины зогсоолтойгоос гадна бүрэн гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Энэхүү замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр