Байгалийн түүхийн музейг сэргээн засахад Японы ЭСЯ туслах боломжтой гэжээ. Даанч…

access_time 2019-10-29
remove_red_eye 76

Байгалийн түүхийн музейг нурааж, газар дээр нь дахин шинэ барилга барихыг  олон нийт эсэргүүцэж буй. Түүх соёлын өвөө хамгаалан хадгалж үлдэх гэсэн иргэдийн энэхүү хөдөлгөөнийг санаачлагч, нийслэлийн унаган иргэн цахим орчны идэвхтэн Цогтгэрэлийн Уянга музейн барилгыг нураахыг эсэргүүцэж сэргээн засварлах боломжийг олон улсаас эрэлхийлжээ. Тэрбээр Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон хэд хэдэн олон улсын байгуулагад хандан нааштай хариу хүлээн аваад байгаа юм байна. Харамсалтай нь соёлын өвийн барилгын ийм ажилд тухайн орны Засгийн газар заавал хамтран оролцох ёстой байдаг ч манай Засгийн газар музейн барилгыг нураах шийдвэр гаргаж, энэ ажил нь хэдийнэ эхлээд байгаа билээ. Тиймээс цахим орчны идэвхтэн Ц.Уянга Засгийн газрын анхаарлыг хандуулахад олон нийтээс дэмжлэг хүсчээ. Тэрбээр өөрийнхөө Uyanga Tsoggerel цахим хуудастаа ийнхүү бичжээ.

“Найзуудаа, нэг сайн ба муу мэдээтэй. Би нь Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон түүнийг нь хийдэг ОУ-н байгууллагатай холбоо тогтоож дэмжлэг авсан боловч манай засаг энэ ажилд оролцохыг дэмжсэнгүй. Яах вэ?

Энд бгаа ОУ-н байгууллагуудад хандахад Японы ЗГ-с дэмжлэг хүсэх бололцоог хайхаа амлав. 35 сая иен хүртэлх буцалтгүй тусламжийн тендерт оролцоход ашгийн бус, хувийн ААН бус, гагцхүү нийтийн өвийн өмч бх ёстой тул гагц Манай Засаг л хүсэлт гаргах эрх бүхий байхаар байна.

Байгалын түүхийн музейг энэ оны шилдэг төсөл болох Непалын газар хөдлөлтөд өртсөн Гайди Байдак Хааны ордонг сэргээн зассан ОУ-н мэргэшсэн Глобаль байгууллага нь сэргээн хүчитгэж, Японы сан санхүүжилтийг дэмжих бололцоотой тул Японы ЭСЯ туслах боломжтой, бас сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Даанч манай дарга нар ёстой нураана л гэсэн бол нураана гэдэг дээрээ бат зогссоор байна.

Энэ ОУ-н буцалтгүй тусламжийн тендерийн аппликешн хүлээн авах хугацаа 11 сарын 30-нд дуусна! Би үнэхээр хүчин мөхөсдөөд байна. Үүний төлөө би яаж ажиллаа даа. Арайчуу нэг Монголтой холбонгуут Монголын, ЗГ нулимаад суух юм. Та бүхэн минь туслаач! ЗГ-г шахаж шаардаж өгөөч!” гэжээ.

Монголын Байгалийн Түүхийн Музейн товч танилцуулгыг  Википедиад бичсэнээр сонирхуулая.

Монголын Байгалийн Түүхийн Музей нь Улаанбаатар хотын төвд байрлах музей юм. 1924 онд “Үндэсний Музей” хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд “Орон нутаг судлах музей”, 1956-91 онд “Улсын төв музей” хэмээх нэртэй байсан. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байгаа бөгөөд барилгын буурин дээр музейн шинэ барилга барихаар төлөвлөж байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж.

 Тиймээс Улаанбаатарт цөөхөн үлдсэн 89 жилийн түүхтэй, нарийн нандин хийцтэй соёлын өвийн барилгад зүй ёсоор орж байсан Байгалийн түүхийн музейгээ хадгалж үлдэж, сэргээн засварлуулахын  хүн бүхний хүчин чармайлт дуу хоолой хэрэгтэй болжээ. Бид хамтдаа хүчтэй. Бүгдээрээ нэгдэцгээе, хамгаалцгаая.

Мэдээллийн эх сурвалж: Niigmiintoli.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр