Ирэх сард зэсийн үнэ өсөх хандлагатай байх судалгааны дүн гарчээ

access_time 2019-10-10
remove_red_eye 99
Энэ  сарын эхний 20 хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 5749 ам доллартай тэнцэж байв. Үүнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 41 ам доллараар өссөн үзүүлэлт гарсан байна. Зэсийн үнэ сарын дунд үед харьцангуй тогтворжих хандлагатай байсан ч  АНУ-ын Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулсан нь зэсийн үнийн ханшид нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ  буурсан дүнтэй байгаа юм.
   Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын төлөөлөгч нар АНУ-д айлчлал хийх үеэрээ хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар  зах зээлд сөрөг дохио өгч, 9-р сарын 23-ны өдрөөс хойш түүхий эдийн ханш буурч эхэлсэн байна. Тэд уулзалтын дараах  АНУ-ын газар тариалангийн гол хоёр мужид хийх айлчлалаа цуцалсан нь ийм нөлөө үзүүлжээ. Ингэж урьдчилан төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг  цуцлах болсон шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг буруутгасан мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
   Ирэх сард зэсийн үнэ ханшийн хэтийн төлөвт  тухайн сард товлогдсон АНУ болон Хятадын худалдааны дайны асуудлаарх уулзалтын үр дүн гол нөлөө үзүүлж болзошгүй байгааг судалгааны дүн харуулж байгаа юм. Түүнчлэн АНУ, Европ болон Хятадын засгийн газраас мөнгөний бодлогын асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч зэсийн ханшид нөлөөлөх хүчин зүйлс болох талтай гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн мэдээлэлд дурьджээ. Олон улсын судалгааны байгууллагуудын  таамаглаж буйгаар энэ оны 3-р улиралд зэсийн үнэ дунджаар 5800 ам доллар тонн байх төлөвтэй байгаа аж. Харин 4-р улирлын зэсийн ханшийн төлөв 5500-6100 ам доллар тонны хооронд хэлбэлзэж, дунджаар нэг тонн зэс 5884 ам долларт хүрэх хандлагатай байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр