АУЗ Шагдарын Дулмаагийн “Бүсгүйчүүд” шүлгийг сэтгүүлч Цагаанчулууны Буяннэмэх дууны шүлэгний хэлбэрт оруулан, аялгуу шингээж “Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” хэмээх сайхан дуу бүтээжээ.
Уг дууны агуулга нь: Монголынхоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг, гоо сайхан уянгалаг яруу талаас нь магтан дуулсны зэрэгцээ шударга зан, ариун үйлс, нийгмээ өөрчлөх хүч чадал, үнэн мөний дуу хоолой гэдэг талаас нь харуулсан байна. Түүгээр ч барахгүй эх орондоо төдийгүй, эргэх дэлхийн цээжинд алдраа дуурсгасан урлаг спортын оддоос гадна оюунлиг монгол эмэгтэйчүүдээ ч мөн магтсан байна.
“Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” дууны зохиогч Ц.Буяннэмэх нь 1990-ээд оноос ая зохиож эхэлсэн бөгөөд 1994 онд анх удаа Монголын агуу хөгжмийн зохиолчидтой хамт Оны шилдэг дуу шалгаруулах Морин хуур наадамд “Номын өргөө” дуугаараа оролцож байсан бол 1996 онд “Монгол нисгэгчийн дуу”- гаараа, 1998 онд Очирбатын Дашбалбарын үг “Хаан суудалтай Монгол” дуугаараа тус наадамд оролцож, шилдэг 25 дуунд багтан шалгарч байжээ.
Мөн 2012 оны шилдэг дуу шалгаруулах” Морин хуур” наадамд АУЗ Тангадын Галсангийн шүлэг “Чингэсийн Монголын эв эеийн сүлд дуу”- гаараа оны шилдэг дууны шагнал авч байсан байна.
Ая зохиогч Ц.Буяннэмэх нь өөрийн дууны урын сандаа хүүхдийн болон нийтийн олон дуутай бөгөөд хүүхдийн дууны 2 цомог гаргаж олны хүртээл болгожээ.
Тэрээр “Ухаант мэргэн сүмбэр” хүүхдийн дуулалт жүжиг хийсэн, телевизийн сэтгүүлч мэргэжилтэй ч хөгжим дууны уран бүтээлээ хөшигний ард туурвисаар ирсэн, эгэл нэгэн уран бүтээлч юм.
Энэ удаа “Тэнгэрлиг Монгол бүсгүйчүүд” дуугаа үзэгч олон түмэндээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.