Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Орхон аймагт ажлын айлчлал хийж байна .Түүнийг дагалдан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд C.Чинзориг,Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,УИХ-ын гишүүн О.Содбилэг,МАН -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчид иржээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг орон нутгийн байгууллагуудтай хуваарийн дагуу орж танилцахын зэрэгцээ Зууны шилдэг бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 сарын 21-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон бөгөөд оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтууд 100 хувиас дээш хувиар биелж,улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, оны эцэст 790 орчим төгрөгийг төвлөрүүлэхээр байгаа юм байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оныг хөрөнгө оруулалтын жил болгож,бүтээн байгуулалтын томоохон төсөл ,хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа тухайгаа тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танилцууллаа.
Энэ нь бүтээгдэхүүний өртөг зардал бууруулах,эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд 6 том төсөл хэрэгжихээр төлөвлөжээ.
Үүнд ордын нөөцийг нэмэгдүүлэх ,ил уурхайд мөчлөг урсгалт технологи нэвтрүүлэх ,баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн төсөл,нуруулдан уусгалтын төсөл эхлүүлэх,зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүд багтжээ. Үйлдвэрийн хэмжээнд техникийн шинэчлэлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэн баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарахад онцгойлон анхаарч дэгдэлтийг бууруулахад тусгай дарагч бодис ашиглан хучилт хийж байгаа, 3 төрлийн аргаар 800 га талбайн 80 гаруй хувийг бүрэн дараад байна.
Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгөв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрээр орж, үйлдвэрлэлийн цехийн өргөтгөлийн өнөөгийн байдлыг үзэж сонирхов. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байна. Цаашид дахин ийм өргөтгөл барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ хөдөлмөр зохион байгуулалтын нарийн горим, цагийн балансыг нягт тооцоолсны үндсэн дээр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй ажиллах нь бидний үндсэн зорилтын нэг гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд байрлах Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Энд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд гурван жил хүртэл хугацаа шаардагдаж буй, санхүү хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх гарцаа хамтдаа ярилцаж, судалж олсон гээд өнөөгийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 20 жилийн турш “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэнийг ч дурьдсан. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна. Бид өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Тиймээс одоогийн байдлаар Засгийн газарт тавьж шийдүүлэх асуудалгүй. Монгол Улсын Засгийн газраас бидний хийх ажил, зорилтыг тов тодорхой болгож, тогтоол шийдвэр баталж өгсөн. Одоо бид зөвхөн хамтын хүчээр хийж бүтээх ажил үлдэж байна. Манай үйлдвэр 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй. Цаашид бид үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн түвшинг бууруулахгүй байхын төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтэнд ч эерэгээр нөлөөлж байгаа юм. Оны эхний 8 сард Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Оны төгсгөлд энэ тоо 790 тэрбумд хүрэх боломж бүрджээ. Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн хамт олон, уурхайчдын ажил үйлсэд сайн үнэлгээ өгч, “Засгийн газраас ямар нэг зүйл хүсэхгүй өөрсдөө бүгдийг хийх бүрэн боломж байна” гэдэгт сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, улс орон нутгийн төсөвт бүрдүүлдэг хувь нэмрээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй нийт ажилтан, уурхайчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.










