//Ч.Номин: Гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөцтэй уялдуулж байна

Ч.Номин: Гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний агуулга, соёлын өвийн нөөцтэй уялдуулж байна

Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Соёлын яам Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-тэй хамтран хоёр дахь жилдээ “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ жилийн үзэсгэлэн, сургалт, форум энэ сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хот, орон нутгийн гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. 

Арга хэмжээний нээлт өнөөдөр “Корпорайт конвеншн” төвд болж, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Ганмөрөн нар нээж үг хэлэв. 

“Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл” цогц арга хэмжээний үеэр Соёлын яам Соёлын өвийн судалгаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гар урлалын чиг хандлага, Соёлын биет бус өв ба гар урлал, гар урлал ба бүтээлч үйлдвэрлэл зэрэг хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах юм. 

Мөн энэ үеэр экспортын чиг баримжаатай 100 гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулж, олон улсын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын болон Нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын агуулгатай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон томоохон зорилтууд тусгагдсан байдаг. Бид өнгөрсөн хугацаанд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн ба тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраар батлуулсан бол ойрын хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, нэгдсэн цахим системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Монгол Улсын Соёлын яамнаас эдгээр зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран энэ жил 2 дахь удаагаа гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 

Гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод багтаж байгаа Аялал жуулчлалын салбарын буюу соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог учраас энэ удаагийн арга хэмжээ Та бүхэнд үндэсний онцлогтой экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг олон агуулга хэлбэрээр баяжуулж, хөгжүүлэхэд олон талын үр ашгаа өгнө гэж итгэж байна. 

Тухайлбал, Соёлын яамнаас гар урчууд, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Та бүхэнд соёлын өвийн судалгаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь гар урлалын чиг хандлагын талаар сургалт явуулж, үндэсний агуулгатай бүтээгдэхүүнийг соёлын өвийн нөөцтэй уялдуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх ажлуудыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. 

Мөн ЮНСЕКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц, Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцийн үзэл санаанд нийцүүлэн гар урлалын уламжлалыг хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах, энэ салбарт ажиллаж байгаа урчууд, үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх оюуны өмчөөр хамгаалах, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт хийх зэрэг олон талын сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Та бүхнээс гарч байгаа санал санаачилгыг бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах ажлууд үргэлжлүүлэн хийгдэх юм. 

Гурван өдөр үргэлжлэх цогц арга хэмжээний хүрээнд гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 1000 бүтээлийн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд тэдгээрээс экспортын чиг баримжаатай 100 гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулж, олон улсын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх төслийг мөн хэрэгжүүлж байгаа” гэлээ.

“Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл” цогц арга хэмжээг үзэх: https://www.facebook.com/SMES.Support.Center.of.Ulaanbaatar/videos/3334309913449414