//Г.Энхбаяр: “Зорилго” бүтээлээ амжилтанд хүрэхийг зорьж буй хэн бүхэнд зориулсан

Г.Энхбаяр: “Зорилго” бүтээлээ амжилтанд хүрэхийг зорьж буй хэн бүхэнд зориулсан

Техникийн ухааны доктор, судлаач Г.Энхбаяртай ярилцлаа. Түүний анхны бүтээл “Зорилго” номын нээлт энэ сарын 15-нд болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн баримтат 10 бүтээлийн жагсаалтад бичигджээ.  

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Инженер, судлаач. ШУТИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, ОХУ-ын Томскийн автомат удирдлагын систем, радио электроникийн улсын их сургуулийг Хүчний электроник, микропроцессорын инженер мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн чиглэлээр Техникийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт цахилгааны засварчнаас ажлын гараагаа эхэлж, тохируулгын инженер, Ерөнхий захиргааны Техникийн хэлтэст тэргүүлэх эрчим зүйч зэрэг ажил хийж байгаад 2017 оноос Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн захирлаар ажиллаж байна.

-Та номын өмнөтгөлдөө “Зорилго бол хувь хүн, багийн амжилтанд хүрэх гайхалтай аялал” гэж тодорхойлсон байсан. “Зорилго” бүтээлээр дамжуулж уншигчдад юу өгүүлэхийг, юу хүргэхийг зорьсон бэ?

– “Зорилго” ном дөрвөн агуулгыг багтаасан бүтээл. Инноваци, энтерпренер, стартап, маркетинг гэж юу юм бэ? Эдгээрийг ажил, амьдралдаа хэрхэн зөв төлөвшүүлж, амжилтанд хүрэх талаар өгүүлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, энэ бүтээлээ амжилтанд хүрэхээр зорьж байгаа хэн бүхэнд зориуллаа. 

Хувь хүн, баг үргэлж урагшилж, тасралтгүй хөгжиж, суралцах хэрэгтэй. Гэтэл бидэнд нэг алдаа байдаг. Сайн нөхцөл бүрдэхийг хүлээдэг. Нэг өдөр үр дүн, үр өгөөж өөрөө ирэхийг хүлээдэг. Угтаа хүн өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө бүтээж, хандлагаа зөв төлөвшүүлж байж амжилтанд хүрнэ. Зорилготой хүн боломжийг олж хардаг, боломжийг ярьдаг. Харин зорилгогүй хүн бэрхшээлээс өөр зүйл олж хардаггүй гэдэг шүү дээ.

“Зорилго” ном маань бизнесээ эхлүүлэх гэж байгаа, өөрийгөө хөгжүүлж сурч мэдэхийг хүсч байгаа хүн бүхэнд гарын авлага болж, амжилтанд түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Инженер хүний анхны бүтээл хувь хүн, бизнесийн хөгжлийн тухай ном байгаа нь сонирхол татаж байна л даа. Таныхаар Энтерпренер гэж хэнийг хэлэх вэ?

-Энтерпренер гэж нэг талаасаа зөв хандлагатай, өөрийгөө үргэлж хөгжүүлдэг, тасралтгүй сурч мэдэхийг эрмэлздэг, эрүүл амьдардаг хүн. Нөгөө талаасаа зөвхөн хувь хүн бус багийг, байгууллагыг ч энтрепренер гэж тодорхойлдог. Энэ бүтээлд хүн талаас нь авч үзсэн. Олон улсад хүн өөрийгөө хөгжүүлж, сурч мэдсэнээр 65 нас хүрээд хамгийн сайн чадвар, туршлага хуримтлуулж, 85 настайдаа оюуны хувьд хамгийн оргил амжилтандаа хүрнэ гэж үздэг. Энтерпренер байхад насны зааг ялгаа хамаагүй гэсэн үг.

Хувь хүний хөгжлийн талаар ном бичих болсон нь уншиж судалдагтай маань холбоотой. Судлаачийн хувьд өргөн сэдвээр, янз бүрийн чиглэлээр бичсэн ном, судалгаа, өгүүллүүдийг уншдаг. Тэр үед олон санаа төрнө, түүнийгээ эмхэтгэж хүмүүст хүргэх юмсан гэдэг зорилгоор номоо бичсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.