//ГХЯ: НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ГХЯ: НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн, хатагтай Элина Стейнертэгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хүний эрхийн механизм, тусгай бүтэцтэй нээлттэй хамтарч ажилладаг болохоо онцолж, тус Ажлын хэсгийн айлчлал нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлт хийлгэх, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж авах чухал боломж гэж үзэж, айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Элина Стейнерте Ажлын хэсгийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч айлчлалыг шуурхай зохион байгуулж буйд талархан, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх олон улсын үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй хүч чармайлтын илэрхийлэл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрээр Ажлын хэсгийн айлчлалын зорилго, чиг үүргийг товч танилцуулж, Монгол Улс дахь хүний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой зохицуулалт, үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдалд нь тохирсон санал, зөвлөмж гаргахаар зорьж буйг мэдээлэв.

Монгол Улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай механизм, бүтцэд байнгын хүчинтэй урилга илгээсэн бөгөөд НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь тус урилгын дагуу Монгол Улсад ажиллаж буй 11 дэх тусгай бүтэц юм. Ажлын хэсэг Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 3-наас 14-ний өдрүүдэд ажиллана.