//Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчтэй уулзав

Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчтэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдлийг бууруулах  асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа.

Хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндөрөөр үнэлж, улс төрийн манлайлал өндөр буйгаа онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд С.Амарсайхан хатагтай Мами Мизүторид гамшгийн эрсдлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх тухай дурдаж, дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:

– НҮБ-аас санаачлан гамшгийн эрсдлийг бууруулах санхүүгийн платформыг Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хамтран байгуулж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах,

– Дэвшилт техник технологи, инновацийг гамшгийн эрсдлийг бууруулахад өргөнөөр нэвтрүүлэх,

– Зүүн хойд Азийн бүс нутагт төв Азийн улс орнуудыг багтаасан хамтын ажиллагааны механизмыг байгуулах. Үүнд Монгол Улс манлайлан ажиллахад бэлэн байна.

– Монгол Улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж, Зүүн хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтэц, бусад зүйлээр туслахад бэлэн байна.

Сендайн  хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг 2023 оны 5 дугаар сард дүгнэх олон улсын чуулга уулзалтад Монгол Улс  урьдын адил идэвхтэй оролцохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга урив гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.