//Халх голын дайны тухай мэдээллийн сан байгуулна

Халх голын дайны тухай мэдээллийн сан байгуулна

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халх голын дайн -80” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2019.08.23/ зохион байгуулж байна.

Халх голын дайн гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, явц, төгсгөл, үр дүнгийн тухайд, дайны хохирол тэр ч байтугай нэрийдлээр нь дайн байсан уу, эсвэл байлдаан уу, хилийн мөргөлдөөн үү гэх мэт олон асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид үзэл бодол өнөөг хүртэл зөрүүтэй байсаар байна.

Иймээс гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцох, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, судалгааны чиг хандлагыг тодорхойлох үүднээс энэхүү хурлыг зохион байгуулж байна.

“Халх голын дайн-80” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр 1930-аад оны үед хөрш зэргэлдээх болон бусад орнуудаас Монгол Улсын талаар баримталж байсан геополитик, Халх голын дайн гарах болсон шалтгаан, үр дагавар, дайн үеийн цэргийн урлагийн асуудлаар хоёр үндсэн илтгэл, мөн дайны түүхэнд холбогдох бусад асуудлаар 16 илтгэл сонсож, хэлэлцүүлж байна.