//НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагааны шинэ төсөл эхлүүллээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагааны шинэ төсөл эхлүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.   Улс орны хүнсний тогтолцооны гол чиг хандлага, үзүүлэлтүүдийг хянах зорилгоор хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн самбар гэсэн хоёр программыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хөгжүүлсэнээ танилцуулж, хүлээлгэн өгөв.  

Хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем нь дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нэг цахим хэрэгсэл юм. Харин мэдээллийн самбар нь газар тариалан, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бусад статистикийн дотоод мэдээллийг бүртгэх, удирдах, үнэлэх боломжийг олгож, төрөөс ахисан түвшний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах боломжийг олгодог.  

Салбарын бодлого төлөвлөлтөд тоон мэдээ мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд хүний механик ажиллагааг хөнгөвчлөх бүрэн боломжийг энэ хоёр систем бий болгож байгаа юм.   Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төслийг эхлүүлэхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа.  

Эх сурвалж: ХХААХҮЯ