УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн хэсэг нэмэхээр төсөлд тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсан бөгөөд тэрбээр “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” гэснийг “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлж санал болгосноор шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” хэмээн өөрчлөх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.