Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч, Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлэх, 2022 оны аравдугаар сард зохион байгуулах Ази номхон далайн Гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын хурлын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Шадар сайд Ковидын хүнд хэцүү цаг үед НҮБ-ын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж, зөвлөмж зөвлөгөө өгч ажилласаны үр дүнд Монгол Улс Ковидыг харьцангуй хүндрэл багатай даван туулсан. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ирэх 2025-2030 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсад НҮБ-ын Хүмүүнлэгийн нэгдсэн сүлжээг байгуулахаар тусгасанд маш их баяртай байгаагаа уламжилсан юм. Шадар сайд С.Амарсайхан “Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг осол, эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсад НҮБ-ын Хүмүүнлэгийн нэгдсэн сүлжээг байгуулах болсон нь зөвхөн манай улсад төдийгүй, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад маш чухал зүйл юм. Түүнчлэн Ази номхон далайн Гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын хурлыг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж буй. Үүнд НҮБ-т 20 гаруй жил ажилласан таны зөвлөмж зөвлөгөө туйлын үнэтэй байх болно” гэсэн юм.

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улс бол Ази Номхон далайн бүсдээ гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хамгийн сайн ажиллаж буй орнуудын нэг. Үүнийгээ цаашид улам батжуулж, Улсынхаа туршлагыг бусад орнуудад хуваалцаж ажиллаасай гэж хүсэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хүний нөөцийг чадавхжуулах тал дээр Монгол Улс анхаарч ажиллаж байгаа нь маш сайн хэрэг” хэмээгээд “Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй цөлжилт, газар хөдлөлт, хуурайшилт, ойн түймэр, зуд зэрэг тулгамдсан асуудлыг даван туулах талаар таван жилийн төлөвлөгөөнд тусгаж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархаж байна” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж буй. Мөн гамшгийн эрсдэлийн үед бэлэн байдлын чадавхыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал асуудал. Цаашид олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.