//ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ

ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан 13 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.     Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 34 дүгээр зүйл болон 7 дахь заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 3.13 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.