//ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын анхны мөнгөн медалийг “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа авчирлаа

ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын анхны мөнгөн медалийг “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа авчирлаа

Азербейжан улсын Баку хотноо энэ сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “IOI 2019” олон улсын мэдээлэл зүйн 31 дэх олимпиадаас Монгол Улс анх удаа мөнгөн медаль хүртлээ.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн дөрвөн сурагч оролцсон бөгөөд Сант сургуулийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртэв.

“IOI 2019” олон улсын мэдээлэл зүйн олимпиадад энэ жил 88 улсын нийт 321 сурагч оролцсон аж.

А.НЯМДАВАА: ДАХИН ХОЁР ЖИЛ ОРОЛЦОХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС АЛТАН МЕДАЛЬ АВАХЫН ТӨЛӨӨ ИЛҮҮ ИХ ХИЧЭЭНЭ

Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Нямдаваа 

“Би хоёр дахь жилдээ тус олимпиадад оролцлоо. Өнгөрсөн жил би мэдээлэл зүйн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн ч олон улсын тэмцээнд байр эзэлж чадаагүй.

Харин энэ жил олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэндээ туйлын баяртай байна.

Өрсөлдөөн маш ширүүн болж өнгөрлөө. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь ОХУ, АНУ болон БНХАУ-ын тамирчин байсан.

Дахин хоёр жил энэхүү олимпиадад оролцох боломж надад байгаа учраас үлдсэн хугацаандаа алтан медаль авахын төлөө илүү их хичээх болно.

Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа учраас цаашид энэ чиглэлээр суралцана гэж боддог. Намайг ийм амжилт гаргахад бэлдэж, тусалсан нийт сургуулийн хамт олон болон багш, дасгалжуулагчдаа талархлаа илэрхийлье” гэв.

Сант сургууль 2016 оноос эхлэн мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн жилээс олон улсын олимпиадад сурагчидаа оролцуулж эхэлжээ.

“ХҮҮХДҮҮД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР САЙН СУРАЛЦВАЛ ДЭЛХИЙН ТОМООХОН КОМПАНИУДАД АЖИЛЛАХ БОЛОМЖ НЬ НЭЭЛТТЭЙ”

ШУТИС-ийн мэдээлэл технологийн сургуулийн дэд профессор А.Хүдэр 

“Дэлхийн 88 орны 321 сурагчаас Монгол Улсын сурагч мөнгөн медаль авч чадсан нь манай хүүхдүүдийн чадвар жилээс жилд дээшилж байгааг илтгэж байна.

Бид анх мэдээлэл зүйн чиглэлээр олон улсын түвшинд гарахыг зорилгоо болгож байлаа. Энэ жилийн олон улсын олимпиадад манай сурагч амжилттай оролцож ОХУ-ын дараа буюу мөнгөн медаль хүртсэн. Энэ нь манай улс бусад улстай эн зэрэгцсэнийг харуулж байна.

Хүүхдүүд мэдээлэл технологийн чиглэлээр хичээллэвэл маш богино хугацаанд олон улсад амжилт гаргах боломжтой гэдэг нь энэ мэт маш олон жишээгээр харагдаж байгаа юм.

Ер нь энэ чиглэлээр суралцаж амжилт гаргасан сурагчдыг дэлхийн томоохон их сургуулиуд урилгаар элсүүлдэг. Мөн хүүхдүүд сайн суралцвал дэлхийн томоохон компаниудад ч ажиллах боломж нь нээлттэй байдаг.

Тухайлбал, 2006 онд олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн н.Батбаатар гэдэг сурагч одоо Мicrosoft компанид ажиллаж байна.