Агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийнэ

access_time 2019-08-11
remove_red_eye 13
Агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ онд хийхээр төлөвлөсөн 32 ажлын хэрэгжилт 80 хувьтай яваа ажээ. Төлөвлөгөөний дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөөц бүрдүүлэх, 600 гаруй км-ын цаанаас зөөдөг түүхий эдийн тээвэрлэлтийг чанартай гүйцэтгэхэд анхаарч буй юм байна.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороог найдвартай эрчим хүчээр хангах “Хүчит шонхор”-ын дэд станцыг барих, төвийн дулаанд холбох боломжгүй 21 сургууль, цэцэрлэгийн нүүрсээр халдаг бойлерыг газ болон вакум усан халаалтын бойлероор солих ажил өрнөж байгаа аж.

Мөн гэр хороололд агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөсөн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ ажилд 4208 орон тооны бус ажилтныг дайчилж буй бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай яваа юм байна.

Судалгаанд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн зургаан дүүргийн гэр хороололд оршин суугаа 220 мянган айл өрхийг хамруулах аж. Тухайн айлын хэрэглэдэг зуухны төрөл, халаагуурын тоо, шөнийн тоолуурт хамрагдсан эсэх, цаашлаад өрхийн орлого, тэр ч бүү хэл бие засах байгууламж буюу жорлонгийн төрөл зэрэг 31 асуултаас бүрдсэн судалгааг үндэслэн төрийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэхээр зорьжээ.

Судалгааны үр дүн буюу гэр хорооллын өнөөгийн байдлыг ирэх аравдугаар сард Засгийн газар болон олон нийтэд танилцуулах юм байна. Техник технологийг дэмжих ажлын хүрээнд усан бойлерын шинэчлэл, хог ангилан хаях төслүүдийг дэмжих аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn