//АН-ын зөвлөл:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ УИХ-аар биш, ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой

АН-ын зөвлөл:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ УИХ-аар биш, ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.

Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдрийг хүртэл Үндсэн хууль өөрчлөлт оруулах саналаа УИХ дахь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хүргүүлээгүй байна. АН-ын зөвлөл, АН-ын удирдлага АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлттэй холбоотой асуудлаар өргөтгөсөн Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралдсан гол шалтгаан нь Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр АН байр сууриа тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрээ гаргалаа.

Парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлж сайжруулах нь бидний тэргүүний зорилго. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь улстөрийн намын болон гишүүний явцуу эрх ашгийг хангах учиргүй. Хэлэлцүүлгийн явцад үүсэж буй нөхцөл байдал, Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан зарим зүйл заалтууд нэлээд маргаан дагуулж байна.
Парламентийн тогтолцоог бэхжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, сонгодог парламентийг буй болгох, ардчиллын үнэт зүйлсийг төгөлдөршүүлэхэд АН-ын үүрэг эн тэргүүнд байх ёстой. Өчигдрийн хуралдаанаар бид гурван гол зүйлд анхаарлаа хандуулахаар ярилцлаа. Бид саналаа ажлын хэсэгт хүргүүлнэ.

Нэгдүгээрт, Сонгодог парламентийн ёсонд нийцүүлсэн засаглалын хуваарилалтын асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтөд засаглалын хуваарилалт хангагдаж чадаагүй байна гэж бид үзэж байна.

Хоёрдугаарт, 27 жил мөрдөгдөж ирсэн Үндсэн хуульд зайлшгүй засах шаардлагатай нэг заалт бол Төрийн эдийн засаг, санхүүгийн бодлого тодорхойгүй байгааг энэ өөрчлөлтөөр шийдвэрлэж чадахгүй байна.

Гуравдугаарт, Төрийг хариуцлагажуулах тухай асуудал. Сонгогдсон гишүүд нь төрд ямар үүрэг хариуцлага хүлээх, ард иргэд өөрсдөө сонгуульд ямар эрхтэй оролцох ёстой вэ? гэдэг асуудал бүрхэг байна.

АН ийм гурван асуудал анхаарал төвлөрүүлж, зарчмын байр сууриа илэрхийлж байна. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн УИХ-аар биш, ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэдэг анх илэрхийлсэн байр суурь хэвээрээ байгааг дахин нотолж байна гээд дараах албан бичгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд хүргүүлэхээ мэдэгдэв.