//Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ

Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарт финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нэр бүхий 29 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ болон Монголын финтекийн холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр боллоо.

Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас зохион байгуулсан энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж буй финтек зээлийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал, зээлийн мэдээллийн санд нийлүүлж буй мэдээллийн талаар танилцууллаа. Мөн финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Хорооноос боловсруулсан ББСБ-уудын эрхлэх зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох журмын төслийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Цаашилбал финтект суурилсан үйл ажиллагааны онцлогтой нийцүүлж үйлчлүүлэгчдийн эрх ашиг, ББСБ-ын үйл ажиллагаанд учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр зохих дүрэм, журам, заавар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг хийн баталж, мөрдүүлэн ажиллах энэ талаарх тайлан мэдээг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мөн уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар санал хүсэлтээ Хороонд ирүүлж, хамтран ажиллахаар боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.