//Яагаад 108 гишүүн гэж үү?

Яагаад 108 гишүүн гэж үү?

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулсан гишүүдийн тоог нэмэх санал улстөрчид хийгээд олон нийтийн ярих зүйл, анхаарах сэдэв болж байна.

image

Олон нийтийн сүлжээгээр эх орныхоо хөгжлийг хөлдөө чирсэн 76 гишүүнийг яана даа гэж байхад дахиад 32 хүн нэмэх гэж үү гэсэн гомдол дагуулсан шүүмжлэл олон байна. Монголын төр, төр шиг байж, ард иргэд нь айх аюулгүй амар амгалан, хуулийн өмнө тэгш эрхтэй байсансан бол дуу нэгтэйгээр төлөөллөө нэмэхийг дэмжих байсан биз. Гэтэл УИХ-ын 76 гишүүний 50 нь эрх мэдлээ хэтрүүлсэн, ямар нэгэн хуулийн этгээдэд шалгуулж байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямбаатар онцлоод Үндсэн хуулиа өөрчилж батлаад тарах ёстой гэсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Яагаад УИХ-ын гишүүний тоог нэмэх ёстой юм бэ гэсэн асуултыг хүн бүхэн тавьж байна.

1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэдгийг онцолсон. Тэгээд ч энэ тооцоолол хувилбар өнөөдөр яриад маргааш нь шийдсэн хэрэгт огт биш юм. Засаж залруулах цаг аль эрт өнгөрснийг бид мэдэж байгаа учир өөрчлөлт шинэчлэлтийн салхийг цээж дүүрэн амьсгалж, алсыг харж дэмжих ёстой. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг үг бий. Хэдий болтол бид яг өнөөдрийнхөөрөө сэтгэж, маргаашийг түнэр харанхуй мэтээр төсөөлж явах билээ. Эх орноо хөгжүүлье, тулгар төрөө улам бэхжүүлье гэсэн залуу үе бидэнд байна. Төр нь төр шиг байж, монголчууд эх орондоо сэтгэл тогтуун амьдрах өдөр ойрхон байгаад итгэн төлөөлөх ардчилалын тулгуур болсон саналыг өнөөдрийн 76 гишүүнээр төсөөлөлгүй дэмжээсэй.

image

УИХ-ын хуралдааны зарим нэг шийдвэр, баталж буй хуулийн ирцийг та анзаарсан уу. Хэсэг нөхөд хэний ч хяналтгүй сууж байгаад өөрт ашигтай, өрөөлд хохиролтой хуулийг батлах боломж бүрдсэн байгааг. Энэ мэт хууль ар араасаа хөврөх боломжийг хязгаарлах нь Үндсэн хуульд оруулж буй энэ мэт саналуудад тодоос тод тусгажээ. Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх сөрөг нөлөөллүүд үүссээр байна.

Тодруулбал, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар (1/3-ээс бага) хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаварыг бий болгож байгаа юм.

Хууль болон Улсын Их Хурлаас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, Засгийн газрын тогтвортой байдалд цөөн тооны гишүүд шууд нөлөөлж, огцруулдаг жишгийг халах, Улсын Их Хурлын гишүүд зүй бус нөлөөнд автах эрсдлийг илэрхий бууруулах, Засгийн газарт тавих парламентын хяналтыг үр нөлөөтэй болгох зүй ёсны шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг судлаачид хэлж байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний Ерөнхий сайдын албан тушаалаас бусад давхар ажил эрхлэх эрхийг бүрэн хязгаарлах шаардлагатай гэж үзжээ.